Энтертайнмент
ХҮҮХДИЙГ ЭЦЭГ ЭХТЭЙ НЬ ХАМТ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА
Д.Нэргүй
Тэртээх 1988 онд Ардын багш Цэрэндоржийн санаачилгаар сүрлэн наамал дээр суурилж хүүхдийг амьдралын арга ухаанд сургах, мэргэжлийн чиг баримжаатай болгох зорилготойгоор үүсгэн байгуулагдаж байсан Монголын хүүхдийн Урлан бүтээх төвд үргэлж авьяаслаг хүүхдүүдийн уран бүтээл ундарч байдаг билээ.
Гэвч хөл хорионы үед эл хульхан байгаа ч тус төвийн удирдлага, ажилсаг бүтээлч багш нар хүүхдээ тасралтгүй хөгжүүлье гэсэн сэтгэлийн дуудлагаар хүүхэдтэй ажиллах идэвхээ сулруулсангүй, хүсэл сонирхлыг нь орхигдуулсангүй,уйдаасангүй. Учир нь хүүхэд багачуудыг гэртээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор нэг багш гурван Vidеo хичээл бэлтгэн зааж байгаа. Тус төв 24 багштай нийтдээ 72 цагийн vidеo хичээл бэлтгэхээс одоогоор 50 хичээл бэлэн болоод үлдсэн хичээлийнхээ зураг авалтанд ороод байгаа аж.
Эдгээр цуврал хичээлүүдээ Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн Fasebok, сайтаараа дамжуулан эцэг эхчүүд болон хүүхдүүддээ хүргэж байгаа юм. Мөн Монголын Хүүхдийн кино академитай хамтран “30 цуврал бүтээлч хүүхэд” гэсэн контентыг хийж энэ нь “UBS” телевиз, Цахим, сошиалаар мөн хүрч байна. Үүний хажуугаар “Хамтдаа хөгжье” хүрээнд хүүхэд эцэг эхтэйгээ хамтарч тухайлбал, шонхор шувууны бэлгэдэл болоод төгсгөлд нь шонхор шувууг хэрхэн зурах талаар суралцсан. Мөн монгол уран бичлэг калиграф бичих, гарын доорх материалаар урлах зэргийг хүүхдийг эцэх эхтэй нь суулгаж бодитоор заах бэлтгэл ажил хангагдаад явж байна.
Эндээс эцэг эхчүүд дүрслэх урлаг, гар урлалын талаар ойлголттой болж, хамтдаа урлан бүтээж цагийг үр дүнтэй, хөгжилтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа нь маш хүртээмжтэй давуу талтай ажил болж буй. Эл төвийн хүүхдүүд үндэсний уран хатгамал, хүүхэлдэй бэлэг дурсгал, арьсан урлал уран дархан, монгол хувцас загвар, уран зураг, уран сийлбэр, монгол зураг, сүрлэн сүлжмэл, сүрлэн наамал, хувцас загвар, уран хайчилбар, баримал керамик, монгол уран бичлэг, сүрлэн сүлжмэл гар урлал, хүүхэлдэй бэлэг дурсгал, уран зургийн анхан шат, баримал керамикийн анхан гар урлал, дүрслэх урлаг, сүрлэн наамал зэрэг 16 төрлийн 24 дугуйланд суралцдаг. Мөн ЭНЭШТ-тэй хамтраад “Эрүүл уушиг- эрүүл агаар” зургийн уралдаан явуулсан.
Энэтхэг улсын Элчин сайдын яамтай хамтарсан үзэсгэлэн гаргаж, шилдэг хүүхдүүдээ шалгаруулаад хөл хорио цуцлагдахаар шагналыг нь гардуулах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнгийн бүтээлүүдээ цуглуулж байна. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” үзэсгэлэн болж 300 гаруй хүүхэд оролцсон.
Үүгээрээ Монгол Улсын тусгаар тогтнолыг бидний өвөг дээдэс яаж тэмцэж олж авсан юм, тусгаар тогтнол гэдэг ямар үнэ цэнэтэй зүйл юм, өнөөдрийн бидний аз жаргалын төлөө хэрхэн халуун амь, бүлээн цусаа урсгаж явсан юм гэдгийг танин мэдүүлжээ. Эл төв Монгол Улсдаа хүүхдийг үнэ төлбөргүй сургадаг цорын ганц байгууллага гэдгээрээ олон хүүхэд ялангуяа гэр хороололтой хаяа дэрлэж байдаг учраас гэр хорооллын амьдралын боломж муу, эмзэг давхаргын хүүхдүүд ихэнхдээ хамрагддаг. Эдгээр хүүхдүүд эдэлхүүнээ худалдаж авах боломжгүй учраас тэднийг суралцахад нь дэм тус болох зүйлүүдийг байнга хийж байгаа гэдгийг тус төвийн захирал Д.Уранбилэг хэллээ. Тийм ч учраас энд сурч мэдэх туйлын хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүд ирдэг.
Хэдийгээр Онлайнаар сурга гэсэн үүрэг даалгавар аваагүй ч гэсэн багш нар, хамт олон сэтгэлийн дуудлага, санаачилгаараа дээрх ажлуудыг хийж байгаа нь энэ аж. Хүүхдүүд нь ч хичээлдээ идэвхтэй оролцож байгаа нь тэдэнд бүр ч урам нэмж, цаашид онлайн хичээлээ яаж илүү хөгжүүлэхэв, video хичээлүүдээ хэрхэн сонирхолтой, хүртээмжтэй, үр өгөөжтэй, үр дүнтэй болгохов гээд шат ахих тусам чанаржаад явж байгаа нь бодитоор харагдаж буй. Хоёроос гурван жил суралцаад хүүхдүүд гарын дүйтэй, сэтгэн бодох чадвар, амьдралын хүсэл мөрөөдөл,тэмүүлэлтэй болдог аж. Эндээс өөрсдийгөө ойлгож, цаашдаа юугаар явбал ирээдүтэй вэ гэдгээ тодорхойлохоос гадна төгсч гарч байгаа олон хүүхэд ШУТИС-ийн барилга, архитектор, интерьер, барилгын зургийн анги, СУИС-ийн дүрслэх урлагийн анги, багш гэсэн чиглэлээр суралцаж амьдралдаа хөл тавьдаг. Энэ сонирхлыг нь ч тус төв хамгийн ихээр дэмжин ажилладаг юм билээ.
Өмнө нь хүүхдүүд Хятад, Япон, Герман, Орос улс зэрэг олон улсын үзэсгэлэнгүүд оролцож байнга шагналт байранд ордог байв. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд гадагшаа үзэсгэлэнд явж чадаагүй. Хүүхдүүд өндөр ур чадвартай, зарим нь бүр мэргэжлийн гар урлал, уран зураачийн түвшинд очтолоо хөгждөг нь энэ төвийн багш нарын хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Ингэж хүүхдийг чин сэтгэлээсээ хөгжүүлж сургаж байгаа төдийгүй өдрөөс өдөрт хүүхдээ өөрчлөгдөж байгааг харах эцэг эхчүүд ч ам сайтай байдаг юм билээ. Энэ мэтээр мянга мянган хүүхдийн хүсэл сонирхолд гэрэл гэгээ нэмж, сэтгэл зүрхээ зориулж байна гэдэг бидний ирээдүйн Монгол Улсдаа оруулж байгаа хувь нэмэр, цаашдаа хүн ам төвлөрсөн хотуудад Урлан бүтээх төвийнхөө салбарыг нээх зорилготой байгаа хэмээн тус төвийн захирал Д.Уранбилэг төгсгөлд нь дурдсан юм.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.