Энтертайнмент
Д.ТӨРБАТ : ШАВЬ НАРАА ӨМНӨХӨӨСӨӨ ИЛҮҮ АМЖИЛТ ГАРГАНА ГЭДЭГТ ИТГЭЖ ЯВДАГ
Д.Гэгээ
Монголын боксын холбооны Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга, “Ширэн бээлий” боксын клубын дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Д.Төрбаттай ярилцлаа. Тэрбээр тулааны спортыг монголчууддаа таниулах үйлсэд оролцож телевизээр тайлбарладаг нэгэн. Түүний шавь ОУХМ М.Мягмаржаргал сая монголын эмэгтэй боксчдоос анх удаа олимпийн эрх аваад байгаа билээ.
-Юуны өмнө шавь тань монголын боксын спортын түүхэнд шинэ хуудас нээж, шавиа олимпийн эрх авахуулсанд баяр хүргэе. Мягмаржаргал тан дээр хэдэн настайдаа ирж байв?
-Мягмаржаргалын хувьд “Аварга” дээд сургуулийн оюутан байхдаа 20 настайдаа найзыгаа дагаад манай “Ширэн бээлий” клубт ирж байлаа. Энэ үеэс УАШТ, дэлхийн аварга гээд бүхий л тэмцээнд хажууд нь байсаар ирсэн. Том биетэй, аливаад шантардаггүй,нэг барьж авсан зүйлийнхээ хойноос тууштай зүтгэдэг чанаруудаас спортын хүн болох нь тодорхой харагдсан, дасгалжуулагч надад ч анхнаасаа итгэл найдвар төрүүлж чадсан. Өнөөдөр Мягмаржаргалын үеийнхэн бүгд гэр бүлтэй болоод үр хүүдээ тэвэрчихсэн байгаа.
Гэтэл шавь маань зүрх сэтгэл, бүхий л цаг хугацаагаа боксын спортдоо зориулж, амьдралаа хойш тавьсан. Хэдийгээр нуруу нь гэмтэлтэй байгаа ч энэ хугацаанд үнэнчээр хөдөлмөрлөж яваа. Үүний цаанаа шагнал байдаг юм байна гэдгийг 29 настайдаа олимпийн эрх авч харууллаа. Гэхдээ энэ зөвхөн миний амжилт биш, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Н.Буянжаргал, Монголын боксын холбооны удирдлагуудын тамирчдаа дэмждэгийн үр дүн юм. Одоо Үндэсний шигшээ багт ОУХМ О.Бямба-Эрдэнэ, Б.Төгөлдөр, Г.Баярхүү, М.Мягмаржаргал, С.Осормаа нарын таван тамирчид байна. Тэднийгээ амжилтаа улам ахиулж, илүү амжилт гаргана гэдэгт итгэж явдаг.
–Шавьдаа юу гэж зөвлөдөг вэ?
-“Мийгаа чамд боломж бий. Зоригтой, бяртай тулалд” гэж захидаг.
-Та 2007 онд “Ширэн бээлий” клубээ байгуулж байсан. Танай клубт зөвхөн бокс гэлтгүй тулааны тамирчид ч хичээллэж амжилт гаргасаар ирсэн?
-Биднийг боксын клубээ байгуулж байхад кик боксчид ид гарч ирж байсан үе л дээ. Хэдийгээр энэ үед кик боксын тамирчид нэлээд амжилттай байсан ч тэмцээн бараг болохгүй, багшгүй, заал танхимгүй болчихсон байлаа. Гэтэл кик боксын дэлхийн аварга Ц. Амарбаясгалан Японоос ирээд багшаа танай клуб дээр бэлтгэл хиймээр байна гээд ОУХМ Бямбадоржтой хамт ирж билээ. Мөн дэлхийн аварга болсон Ө. Гантөмөр ч ирсэн. Ингэж кик боксынхон манай клубт хичээллэж эхэлсэн.
Үүнээс улбаалаад, нөгөө талд нь жүдо бөх, каратэ суурьтай дэлхийн аварга “Чингисийн цавчилт” хочит тулаанч гавьяат мастер Ж. Нарантунгаатай бас холбогдсон. Мөн манай клубт самбо, жүдо бөхийн ОУХМ Д.Мөнхбаясгалан орж ирээд бид хамтдаа жил бэлтгэл хийж эхэлсэн. Тэгээд Д.Мөнхбаясгалан насанд хүрэгчдийн боксын Монгол Улсын аварга болсон. Их сайхан өв тэгш биетэй, хүчтэй бядтай мундаг залуу. Гэтэл C вирус илрээд цаашдаа тулаанд орж чадаагүй.
Дээр нь байлдааны самбо бөхийн дэлхийн хошой аварга Б.Дамланпүрэв, ОУХМ Х.Амартүвшин, Б.Ядампүрэв, А.Амарсанаа, С.Билгүүн гэж мундаг залуус байлаа. Тэд бүгд холимог тулаанаар хүч үзэж гялалзсан амжилтын эзэд болсон. Энэ залуус тулалдсаар байгаад л 3-4 ялалт аваад UFC болон Америк руу холбоо тогтоож эхэлсэн. Тэр цагаас л манайд тулааны тамирчид цугларсан даа. Гэхдээ тулааны урлагт бокс суурь нь болж байлаа. Боксынхондоо гар тулааныг заахын зэрэгцээ тулааныхаа тамирчдад бас зааж өгнө.
Тамирчид маань тэсвэр тэвчээрийг эндээс л олж авна шүү дээ. Ингэж бие биедээ туршлагаа солилцож ирснээр бокс ч, холимог тулаан ч улам хурдтай хөгжсөн. Ялангуяа сүүлийн үед монголд өндөр хөгжөөд байгаа холимог тулааны NGL тэмцээнд хүч үзэх болсон Ө.Гантөмөр, Ж.Нарантунгаа нар Монголын шилдэг тулаанчдын холбоог байгуулсан. Энэ холбооноос тэмцээн зохион явуулахад манайхаас голлож тамирчин ордог. Одоо ч энэ талбарт манай “Ширэн бээлий”-гийн тамирчид давамгайлдаг. Тэд хүчээ сорин тулалдахаар гадагшаа гарч эхэлсэн.
-Эндээс л тулааны спортыг хүүхэд залуучууд сонирхож хичээллэх дуртай болсон. Тиймээс анхдагч болон дэлхийд алдраа дуурсгасан тулаанчидын амжилт танай клубтэй яах аргагүй холбоотой?
-Хилийн чанадад монгол тамирчид нэр хүндийг өргөх анхны гарааг шилдэг тулаанч Ж.Нарантунгаа, Ц.Амарбаясгалан нар амжилтын гарааг эхлүүлж Дэлхийн аварга тамирчид болцгоосон. Манай клубээс гэхэд л One championship-ийн ринг дээр манай дөрвөн тулаанч ур чадвараа сорин тулалдахаар гэрээ байгуулсан. Одоо З. Шинэчагтага, О.Амарсанаа нар маань тулалдаж байгаа.
-Ингэхэд та тулааны спортыг монголчууддаа таниулж телевизээр тайлбарладаг шүү дээ. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-Миний хувьд 2015 оны үеэс л тулааны урлагийн төрөлд тайлбарлагч хийж эхэлсэн. Харин тулааны спортын Оne championship-т З.Шинэчагтага гараад ирлээ, одоо шинээр А.Аюуш, А.Тэмүүлэн гээд 4 хүү энэ төрөлд хүч үзээд байгаа. Манай залуу тайлбарлагч У.Зоригт дүү нэг удаа Төрөө багшаа, би UFC холбооны тэмцээнийг Монголд гаргах эрхийг авах гэж байгаа та тайлбарыг нь хийгээрэй гэсэн юм. Тухайн үед би итгээгүй. Бид арай гэж л UFC-ийн тэмцээнүүдийг зурагтаар үздэг байсан үе шүү дээ. Гэтэл 2015 онд Монголдоо оруулаад ирсэн дээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.