Энтертайнмент
“NIKE” ХҮНИЙ ЦУСТАЙ “ЧӨТГӨРИЙН” ПҮҮЗ ГАРГАСАН КОМПАНИЙГ ШҮҮХЭД ӨГӨВ
АНУ-ын “Nike” компани барааны тэмдэгтийн эрхийг зөрчсөн гэж үзэн “MSCHF” компанийг шүүхэд өгөхөөр болжээ. “MSCHF” компани Lil Nas X рэппертэй хамтран хүний дусал цус бүхий 600 хос “чөтгөрийн” пүүз худалдаанд гаргажээ.
“NBC News” сувгийн мэдээлснээр, “Satan Shoes (Чөтгөрийн гутал)” нэртэй пүүз нь Nike Air Max 97 пүүзний загварыг өөрчилсөн хувилбар гэнэ. Эх загвар дээр пентаграм таван хошууны дүрс бүхий зүүлт нэмж, уланд нь дусал цус шахсан гэнэ. Үүнээс гадна пүүз дээр Luke 10:18 гэж бичсэн нь Тэнгэрээс муу ёрын сүнс бууж ирсэн тухай өгүүлдэг Лукагийн Евангели судрын аравдугаар бүлэг, 18 дахь хэсгийг илэрхийлж байгаа аж.
“MSCHF” компани пүүзний уланд ажилтнуудаас авсан цусыг шахсан гэж баталжээ. 666 хос пүүз даваа гарагт худалдаанд гарсан даруйдаа зарагдаж дууссан байна. Хос пүүзний үнэ 1018 ам.доллар гэнэ.
“Nike” компанийн нэхэмжлэлд тус компани ийм төрлийн пүүз гаргах зөвшөөрөл олгосон гэх ташаа ойлголтоос үүдэн “Nike” пүүзийг бойкотлох уриалга гарч буйг дурджээ. Ингэхдээ тус компанитай “чөтгөрийн” пүүз ямар ч холбоогүй гэж онцолсон байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.