Нийгэм
Согтууруулах ундааны нэр, логонд түүхэн хүний нэр, зургийг ашиглах, захиалга, хүргэлтээр үйлчлэхийг хориглох тухай хуулийн төсөлд тусгажээ

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмуэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн билээ. Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Хуулийн төсөл дэх онцлох заалтуудыг танилцуулж байна
4.1.1.“согтууруулах ундаа” гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан дарс, тэдгээрийн үндсэн дээр бэлтгэсэн ундаа, шар айраг, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг;
5.8.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр бусдад шилжүүлэх, ашиглуулахыг хориглох бөгөөд үйлдвэрлэх согтууруулах ундааны нэр төрөл, үйлдвэрийн байршлыг өөрчлөх, эсхүл шинэ нэр төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэхэд энэ хуулийн 5.1, 5.3-т заасан тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулна.
7.1.5.Согтууруулах ундаа үйлдвэрлэгч цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байх;
8.1.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, дуусах хугацаанаас нь гурван жилийн хугацаагаар сунгаж болно.
Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл:
- 9.1.3.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээний талаар энэ хуулийн 40.1-д заасан хяналт тавих эрх бүхий байгууллагад мэдээллийг хугацаанд нь ирүүлээгүй;
- 9.1.4.хяналт тавих эрх бүхий байгууллагаас үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, тэдгээрийн чанар, аюулгүй байдал болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэх, мэдээлэх тоног төхөөрөмжид хяналт шалгалт хийх үйл ажиллагаанд саад учруулсан;
- 9.1.5.татварын өрөө хоёр ба түүнээс дээш удаа хуульд заасан хугацаанд төлөөгүй.
11.4.Орц, найрлага, түүхий эд, хатуулаг ижил согтууруулах ундааг нэгээс дээш нэрээр үйлдвэрлэхийг хориглоно.
13.6.Гадаад улсад экспортлохоос бусад тохиолдолд 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 2 литрээс их хэмжээгээр савлахыг хориглоно.
13.7.Гадаад улсад экспортлох, агаарын хөлгийн үйлчилгээ, татваргүй барааны дэлгүүр, зочид буудлын хэрэгцээнд тусгай зориулалтаар, захиалгаар нийлүүлэхээс бусад тохиолдолд 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 0,33 литрээс бага, 1 литрээс их хэмжээгээр савлахыг хориглоно.
16.7.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл, түүний төрлийн тоог тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, эрүүл мэнд, соёл, спортын байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон дотуур байрны байршлыг харгалзан хүнс, эрүүл мэнд болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
17.2.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдэд олгох бөгөөд дараах төрөлтэй байна:
- 17.2.1.11.00-22.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх;
- 17.2.2.14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх
20.1.Олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэх түр зөвшөөрөл олгож болно.
Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон орчин:
- 22.1.2.бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл, агаарын хөлөг болон зорчигч тээврийн галт тэрэгний зөвшөөрөгдсөн цэгээс бусад;
- 22.1.3.нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, шатахуун түгээх газар, шашны байгууллагын байр, нийтийн гудамж, талбайд байрлаж байгаа авто тээврийн хэрэгсэл дотор;
- 22.1.4.галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар;
- 22.1.5.энэ хуулийн 20.1-д зааснаас бусад тохиолдолд олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, спортын арга хэмжээ, тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж байгаа газар, түүний ойр орчим;
- 22.1.6.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэйгөөс бусад этгээдийн ажлын байрны дотоод орчин;
23.1.4.согтууруулах ундааг зайнаас /холбоо, олон нийтийн мэдээллийн сүлжээ ашиглан/ болон өөртөө үйлчлэх автомат төхөөрөмж ашиглан худалдах, түүгээр үйлчлэх;
23.1.5.согтууруулах ундааг хаягаар хэрэглэгчид хүргэх;
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдрүүд:
- 24.1.1.сар бүрийн эхний өдөр;
- 24.1.2.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26;
- 24.1.3.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29;
- 24.1.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр.
32.1.2.төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүний нэр, зургийг, согтууруулах ундааны нэр, лого, барааны тэмдэг, зураг, сурталчилгаанд ашиглах;
32.1.7.согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлсийг орлуулан олгох, согтууруулах ундаа оролцуулсан тоглоом, наадам зохион байгуулах;
32.1.8.Зар сурталчилгааны тухай хуулийн 141 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, лого, барааны тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, хоолны цэс, зорчигчийн тийзэнд болон бусад биет байдлаар гаргах;
32.1.9.согтууруулах ундааны нэрээр хуулийн этгээдийг нэрлэх, эсхүл хуулийн этгээдийн нэрээр согтууруулах ундааг нэрлэх;
32.1.10.согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч соёл, урлаг, спортын болон бусад олон нийтийн арга хэмжээнд согтууруулах ундаа сурталчлах зорилгоор ивээн тэтгэгчээр оролцох, төрөл бүрийн хандив, тусламж, тэтгэлэг үзүүлэх;

Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Нийгэм
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 54 суманд аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 153 нь объектын гал түймэр, 14 нь ой хээрийн гал түймэр, 5 нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм1 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент27 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад24 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна