Энтертайнмент
Ч.БАЯРМАА: ГАРГАЖ БАЙГАА УРАН БҮТЭЭЛ БОЛГОН МААНЬ АМЖИЛТ АВЧИРДАГ

Д.Гэгээ
БНАСАУ-ын “Хаврын баяр “наадмын Гранпри болон дөрвөн удаагийн мөнгөн цомын эзэн, орос дууны мэргэжлийн дуулаачдын тэргүүн байрын шагналт, ХХ зууны шилдэг дуунууд улсын уралдааны “Чамайг үдье” амрагийн дууны тэргүүн байрын шагналт ЦДБЭЧ-ийн гоцлол дуучин МУГЖ Ч.Баярмаатай ярилцлаа. Тэрбээр Ялалтын баярыг угтаж шинэ уран бүтээлүүд хийсээр буй. Түүний ээж “Амрагийн дуугаараа”олондоо танигдсан МУГЖ Л.Цэрэнпил агсан, МУГЖ Ч.Туул, МУГЖ Ч.Тунгалаг гээд бүгд монголын урлагт хувь нэмрээ оруулж яваа алдартнууд билээ.
-Хоёулаа яриагаа сүүлийн үеийн уран бүтээлээр тань эхэлье. Үргэлж л уран бүтээлийн олз омогтой байдаг дуучны нэг шүү дээ?
–Миний хувьд цэрэг эх орны болон орос дуунуудыг эх хэл дээр нь дуулдаг. Энэ хүрээнд удахгүй тавдугаар сарын 9 -нд болох Ялалтын баярт зориулж Эдуард Колмановский ”Алёша”, Кирилл Молчанов “Намайг хүлээгээрэй би заавал эргэж ирнэ”,” Соловьёв Седой “Москва ормын үдэш”, Пуччины “Тоска” дуурийн “Тоскагийн ари” А.Дворжак “Лусын дагина” дуурийн Лусын дагинын ари, Х.Билигжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн “Цэрэнлхамын ари” Дж Верди “Травиата” дуэт зэрэг Итали, Чех, Орос монголын том том зохиолчдын сонгодог бүтээл дээр түлхүү ажиллаж байна. Мөн саяхан Монгол Улсын консерваторын магистр хамгаалсан. “Амраг”-ийн дуугаа ЦДБЭЧ-ийн залуу дуучин Мөнхэрдэнэд өвлүүлж клип хийлгэсэн. Улмаар БНАСАУ-ын Хаврын баярт зориулж “Пхеньянын шөнө” дуугаа бичүүлсэн. Цаашид гадаадын алдартай дуунуудыг хэл хэл дээр нь дуулж бичүүлнэ. Энэ мэтээр уран бүтээлээ хийж байгаа.
-Хамгийн сайхан сэтгэгдэл үлдээсэн тайз, тоглолт гэвэл?
-Бүхий л тоглолтондоо сэтгэл хангалуун байдаг. Энэ дундаас өөрийгөө ямар хэмжээний дуучин бэ, би хаана явж байна вэ гэдгээ мэдэхийг хүсдэг. Монголдоо бол олон гадаадын тоглолтонд оролцож ялангуяа гадны зочдод тухайн орных нь дууг эх хэл дээр нь дуулж сонирхуулдаг. Тийм учраас би хилийн чанадад буюу гадаад оронд дуулах дуртай. Тэд дуу болгоныг маань үнэ цэнэтэйгээр хүлээж авдаг. Учир нь дандаа тэдний хүсэн хүлээсэн дууг дуулдаг юм. Энэ утгаар дуучин хүний мөрөөдөл хязгааргүй. Баярмаа гэж хэн бэ тэр л уран бүтээлийн өнгө аясаараа явж байгаа.
-“Амрагийн” дуугаараа олноо алдаршсан МУГЖ ээж Л. Цэрэнпил гуай монголын ард түмний хайртай дуучны нэг байлаа. Түүний үргэлжлэл болсон эгч нар чинь гээд л …… Тэд дүүдээ багагүй зөвлөдөг байх даа?
-Тэгэлгүй яахав. Би ажил үйлс, амьдралаараа үлгэр дууриал болсон сайхан ах эгчтэй. Ээжийг өөд болсноос хойш тэд маань бүгд зөвлөгч болсон. Тийм учраас би уран бүтээлийнхээ тал дээр сэтгэл хангалуун явдаг. МУГЖ Ч.Туул эгч маань Монгол Улсын консерваторын багш. Энэ эгч маань уран бүтээлээс гадна урлагийн хүн биеэ яаж авч явах гээд зөв бурууг ойлгуулдаг бол, МУГЖ Тунгалаг эгч маань мэдлэг, мэргэжил, хэл усны талаар зөвлөдөг.
-Таныг хүүхэд байхаасаа дуулах авьяастай. Үүнийг хэдийнэ орос багш тань олж харсан гэдэг?
-Би цэцэрлэгт байхаасаа дуу дуулж, шүлэг уншиж, бүжиглэж, нугардаг авьяастай хүүхдийн тоонд ордог байлаа. Ээж эгч хоёрынхоо тоглолтыг нь үзэж байхдаа том болоод бүжигчин болно гэж хамгийн их мөрөөддөг байлаа. Гэсэн ч хувь тавилангаараа ээж, эгчийгээ дууриагаад дуучин болсон. 1991 онд хуучнаар Зөвлөлтийн lll дугаар дунд сургуулийг төгссөн. Энэ үед оросын мэргэжилтэн Соловьева Викторина Степановна багш маань миний дуулах авьяасыг олж хараад олон орны хүүхдүүдийн сонгодог дууны ансамблид гоцлол дуучнаар оруулсан. Дараа нь АЖ Г.Хайдав багш дээр энэ хүүхэд дуучин, тэр дундаа дуурийн дуучин болно гэж өөрийн биеэр хөтөлж аваачиж байлаа.
-Мөн хүүхдүүдээ урлагаар явуулж байгаа гэж сонссон?
-Миний том хүү Марин МУГЖ Ч. Тунгалаг багшийн удирдаган дор Монгол Улсын Консерваторын коллежийн төгөлдөр хуурын ангид сурдаг. Хүүгээ хөгжмөө сайн сураад ирээдүйд хөгжмийн зохиолч, удирдаач болоосой гэж хүсдэг. Бага хүү Марио хөгжим бүжгийн коллежийн зургаадугаар ангийг төгссөн.
-Одоогоор урын сандаа хэдэн дуутай болоод байна вэ?
-Хоорын болон гоцлол дуучин байсан болохоор гадаад дотоодын нийлсэн 300 гаруй дуутай. Энэ дундаас хоорын бүтээл гэвэл 1000 хол давчихсан байгаа. Гэсэн ч уран бүтээлдээ хэзээ ч сэтгэл ханаж болохгүй. Тэгвэл зогсонги байдалд орно. Үргэлж л тийм уран бүтээл хийх юмсан, түүндээ хүрэх юмсан гэж өөрийгөө ирлэж хурцалж байх ёстой. Гэсэн ч цэргийн байгууллагад ажиллаж байгаа учраас хүссэн болгоноо дуулаад байх боломжгүй. Дүрмээр, тушаалаар хягзгаарлагддаг тал бий. Цаашид надад сурах зүйл маш их бий. Гаргаж байгаа уран бүтээл болгон маань амжилт авчирдаг.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
