Энтертайнмент
ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДЫН ЦАЛИНГ 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛГОН НЭМЛЭЭ
Монгол Улс “Токио-2020” зуны олимп, Паралимпийн наадамд оролцохоор спортын 12 төрөлд 30 эрх аваад байна.
Олимпийн хугацаанд эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг 1.5 сая төгрөг болгож нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болсноо Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Тэрээр “Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд энэ зуны хамгийн их хүлээлттэй байгаа арга хэмжээ бол нэг жил хойшлоод байгаа Токиогийн олимп. Энэ удаагийн олимп хүн төрөлхтөн цар тахлыг даван туулсны бэлгэдэл болно. Бид амжилт гаргах, аваргатай болохын төлөө бүх боломжоо дайчлах ёстой. Үүнд Үндэсний хорооны гишүүдийн хамтын ажиллагаа чухал” гэлээ.
Тамирчдын бэлтгэл сургуулилтыг эрүүл ахуй, халдвар хамгааллын дор шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв төлөвлөлтөд тулгуурлаж зохион байгуулах, нийт бүрэлдэхүүнийг PCR шинжилгээ, дархлаажуулалтад хамруулах, эрхийн оноо цуглуулах болон эрх олгох олон улсын тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнийг улс хооронд зорчих тусгай үүргийн нислэг, олон улсын нислэгийн хуваарьт багтаах зэргийг албаны хүмүүст үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.