Энтертайнмент
ЮЖИН “ПЕНТХАУС”-Д ТОГЛОХООС ТАТГАЛЗАХ ГЭЖ БАЙЖЭЭ

“Пентхаус-2” цувралын гол дүр болох У Юнхигийн дүрийг бүтээсэн S.E.S хамтлагийн дуучин Южин уг дүрээс татгалзах гэж байжээ.
Тэрбээр энэ талаараа “Noblesse Men” сэтгүүлд ярихдаа “Пентхаус цувралын эхний бүлэг миний хувьд бараг таван жилийн дараа жүжигчний хувьд ажилласан анхны ажил байсан. Би дэлгэцэнд амжилттайгаар эргэн ирж чадах болов уу гэж санаа зовж байлаа. Нэг мэдэхнээ л таван жил өнгөрсөн байсан. Жүжигчний хувьд бол таван жил их урт хугацаа. Би шинээр эхэлж чадах болов уу гэж айж байлаа” гэжээ.
Южин “Пентхаус”-ын У Юнхигийн дүрийг бүтээхээс татгалзах гэж байсан гэнэ. Бүсгүй энэ талаараа “У Юнхигийн дүрийг бүтээхээр шийдэхийн тулд надад хугацаа хэрэгтэй байсан. Энэ дүр үргэлж эрсдэлтэй эмоц, шоконд оруулахаар зүйлүүдээр дүүрэн дүр. Гэхдээ эргэн тойрныхон маань намайг энэ дүрд тоглохыг ятгаж байсан. Тэд намайг чадна гэж хэлж, хүч, зориг өгсөн” гэж ярьжээ.
Дуучин бүсгүй дүрийнхээ бараан талуудтай тэмцэж, хамгийн гол нь бүх хүчээрээ У Юнхиг ойлгохыг хичээсэн байна. Үзэгчид түүний дүрийг ойлгохгүй байх вий гэсэн айдас цувралын туршид түүнээс салаагүй гэнэ.
Южин бүх талаараа У Юнхи байж, дүрдээ үнэнч үлдэж, сайхан сэтгэлтэй эмэгтэй гэдэгт нь итгэж тогложээ. Киноны зохиолч Ким Сун Ок ч Южинээс өөр жүжигчинд уг дүрийг өгмөөргүй байгаагаа хэлж, түүнтэй удаан ярилцсан аж.
Дуучин бүсгүй одоо ямар кинонд тоглохыг хүсэж байна вэ гэсэн асуултад “Уран зөгнөлт бүтээлд ер бусын чадвартай хүний дүр бүтээвэл сонирхолтой байх болов уу” гэж хариулжээ.
Южин одоо 40 настай, нөхөр болон хоёр охины хамт амьдардаг. Тэрбээр 2011 онд жүжигчин Ки Та Ёнтой гэрлэж, Ким Рорин, Ким Рохи гэх хоёр охины эцэг, эх болсон билээ.
К-поп хорхойтнуудын хайртай дуучин Южин нь 1997 онд байгуулагдаж, супер амжилтад хүрсэн S.E.S. хамтлагийн гишүүн юм. S.E.S. хамтлаг нь БНСУ-ын цомог нь хамгийн их борлуулалттай охидын хамтлагаар хоёр удаа шалгарсан. Южин 2000 оноос хэд хэдэн драма, цөөн хэдэн кинонд тоглосон билээ.
“Пентхаус” цуврал дэлхий дахиныг байлдан дагуулсаар байгаа юм. Эхний хоёр бүлэг нь маш их амжилт олсны дараа SBS суваг дараагийн бүлгээ хийж эхэлсэн. “Пентхаус 3”-ын зураг авалт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд эхэлсэн бөгөөд ирэх зургаадугаар сарын 4-нд эхний ангиа үзэгчдийн хүртээл болгох аж.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
