Нийгэм
НИЙСЛЭЛИЙН ИРГЭД НЭГ ЖИЛИЙН 34 ӨДРИЙГ ТҮГЖРЭЛД ӨНГӨРӨӨЖ БАЙНА

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын асуудлыг хэлэлцэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Хотын асуудал, Засгийн газрын асуудал, ХЗДХЯ-ны, Сангийн яамны асуудал гэж байхгүй. Салангид байдлын асуудалд цэг тавьж байна. Бид цогц байж чадвал цогц болж чадна. Аймгууд хөгжих тусам Улаанбаатар хотын төвлөрөлтэй холбоотой асуудал саармагжина. Өнөөдөр Засгийн газрын оролцоогүйгээр Улаанбаатар хот шийдэж чадахгүй суурь зургаан асуудлыг тогтоол хэлбэрээр хэлэлцлээ. Асуудлаа сар тутам хэлэлцэж, шийдлээ гаргана. Асуудлаа шийдвэрлэхийн тулд урагшилна. Улаанбаатар хот улсын төсөвт 420 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Үүнтэй дүйцэх хэмжээний төлбөрийг нийслэлд буцааж өгөх шаардлага тулж байна. Гэхдээ бүгдээрээ энэ асуудлыг шийдэхийн төлөө явъя.
Улаанбаатар хотоос авсан татаастай тэнцэхүйц хэмжээний төсвийг шийдвэрлэх шаардлагатай. Энэ бол том хэмжээний улс төрийн дэмжлэг. Нийтийн тээврийн түгжрэлийг шийдвэрлэх санхүүжилтээ олох, их тойруугийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулах, газрын асуудлыг шийдвэрлэхээр болж байна хэмээн хэллээ.
Засгийн газрын хуралдаанд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг 2021-2024 онд 50 хувиар бууруулах төлөвлөгөөг танилцууллаа.
Тэрбээр:
-Монгол Улсын нийт хүн амын 47.5 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Мөн ДНБ-ий 64.7 хувийг үйлдвэрлэж, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 75.8 хувь, их дээд сургуулийн 95.8 хувь, ЕБС-ийн 32.8 хувь, цэцэрлэгийн 47 хувь, улсын төсвөөс гаргасан санхүүжилтийн 77.9 хувийг Улаанбаатар хот эзэлдэг. Улаанбаатар хот Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг байхад нийт тээврийн хэрэгслийн 54.1 хувь нь нийслэлийн хөдөлгөөнд оролцож байна.
Энэ оны хоёрдугаар сард Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлаар төвийн зургаан дүүргийн 400 мянган иргэнээс судалгаа авсан. Судалгаагаар иргэдийн 85 хувь нь автозамын түгжрэлийг шийдвэрлэх шаардлагатайг онцлоод байна. Мөн нийтийн тээвэр, авто зогсоолын асуудлыг нэлээд тавьсан.
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар, замын хөдөлгөөнд оролцож байгаа нийтийн тээврийн хурд 13 км/ц, оргил ачааллын үедээ 8.9 км/ц боллоо. Дэлхийн стандартаар 10 км/ц хүрвэл “тэг” зогсолт гэж үздэг. Тиймээс Улаанбаатар хот энэ байдлаар удахгүй байнгын “тэг” зогсолттой болох эрсдэл үүсээд байна хэмээн танилцуулав.
Нийслэлийн авто замын ачааллыг 2010 онтой харьцуулахад, жил бүр автомашины тоо нэмэгдсэнээр нийслэлийн төв замын сүлжээний даац гурав дахин хэтэрчээ. Ингээд 2024 он гэхэд автозамын түгжрэлийн улмаас хүлээх алдагдал ДНБ-ий 10 хувьтай тэнцэхээр байгаа юм. Нийслэлийн оршин суугчид өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 34 өдрийг замын түгжрэлд өнгөрөөж байгаа юм. Хотын автозамын 78 хувь нь түгжрэлтэй байгаа бөгөөд нэг км автозамыг туулахад дунджаар 10 минут зарцуулж байгаа судалгаа гарчээ.
Олон улсын аргачлалаар тооцоход, 2020 онд Улаанбаатар хот түгжрэлийн улмаас 2.7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн бол 2010-2021 оны хооронд 11.8 их наяд, ирэх таван жилд 24.3 их наяд төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гараад байна. Тэгвэл одоогоос арван жилийн өмнө Улаанбаатар хотын автозам 954 км байхад дундаж хурд 34 км/ц байжээ. Харин өнөөдөр 1136 км авто замтай болсон ч дундаж хурд 8 км/ц байгаа юм. Одоо арга хэмжээ авахгүй дөрвөн жилийн дараа нийслэл 1225 км автозамтай, тээврийн хэрэгслийн хурд явган хүнтэй ижил буюу 6 км/ц-ийн болох судалгаа гараад байна.
Тиймээс Улаанбаатар хотод эхний ээлжинд нэн яаралтай багтаамж ихтэй нийтийн тээвэр буюу метро, хөнгөн галт тэрэг /LRT/ нэвтрүүлэх шаардлагатай гэж хотын захиргаанаас үзжээ. Үүнд энэ оны төсөвт гурван тэрбум төгрөгийн эх үүсвэр тавьсан бөгөөд Засгийн газраас дэмжиж, үүрэг даалгавар өгвөл судалгаа эхлүүлэхэд бэлэн байгаагаа Хотын дарга илэрхийллээ. Уг ажлыг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж. Багтаамж ихтэй нийтийн тээвэр хөгжүүлснээр түгжрэл 17-22 хувиар буурах урьдчилсан тооцоо гарсан байна. Мөн нийтийн тээврийн автобусны паркыг шинэчлэх, зам дэд бүтцийг сайжруулах, автомашины зогсоол нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Мөн явган зам, дугуйн замыг нэмэх, ачаа тээвэр, логистикийг боловсронгуй болгох ажлыг яаралтай хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал, байгальд ээлтэй 500-1000 автобусаар парк шинэчлэх, олон улсын стандартад нийцсэн 290 автобусны зогсоол байгуулах, технологид суурилсан, хүний ажиллагааг хөнгөвчилсөн 5000 автомашины зогсоол шинээр бий болгохоор төлөвлөгөө гаргаад байгаа аж.
Дунд, урт хугацаанд, хотын төвлөрлийг бууруулах, томоохон зах, худалдааны төвийг нүүлгэх, автозамын даатгал, хураамжийг бүсчилж тогтоох, дагуул хотуудыг хөгжүүлэх асуудлыг төлөвлөөд байна.
Ирэх жилүүдэд нийслэлийн гол, гол гудамжны өргөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээг 71.5 км, хорооллын дундах холбоос замыг 70.26 км-ээр нэмэгдүүлэхээр тооцжээ. Мөн зургаан нүхэн гарц, долоон гүүрний шинэчлэл, 98 км явган хүний зам, 249 км дугуйн зам байгуулах зураг төсөл бэлэн болжээ. Нийтийн тээврийг хөгжүүлснээр 17-22 хувь, гол замын сүлжээг нэмэгдүүлснээр 30-40 хувь, хот төлөвлөлтийг сайжруулснаар 10-15 хувь, автомашины хэрэглээг багасгаснаар 28 хувь, нийт 50 орчим хувиар түгжрэлийг бууруулах боломжтой хэмээн Хотын захиргаанаас үзэж байна.
#МонголынМэдээСонин 2021 оны тавдугаар сарын 20. Пүрэв. №066 (5471)
#ЗасгийнГазар

Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Нийгэм
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 54 суманд аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 153 нь объектын гал түймэр, 14 нь ой хээрийн гал түймэр, 5 нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм1 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент27 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад24 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна