Эдийн засаг
Манай улс махны экпортоос 400 тэрбумын орлого олжээ

Эдийн засаг сэргэж, Засгийн газрын үйл ажиллагаа эрчээ нэмэн ард түмний амьдрал ахуйд нааштай шийдвэрүүд баталж, өмнөх ажлын үр дүн ч эерэг сайнаар эхнээсээ гарсаар байна.
МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуульд нэрлэн оруулсан мөрийн хөтөлбөрт эрчимсэн мал аж ахуйг хөгжүүлэх, энэ салбарын орлого ашгийг нэмэгдүүлэх тухай заалт өнөөдөр биелэлээ олж өнгөрөгч 2018 оны нэгдсэн дүнгээр махны экспортоос 400 тэрбум төгрөгийн орлого улсдаа оруулснаа мэдээллээ.
2018 онд 54.9 мянган тонн мах экспортод гаргасны 37.3 мянган тонн нь хөлдүү, 17.6 мянган тонн нь дулааны аргаар боловсруулсан мах байжээ. Энэ тоог малын тоо толгойд шилжүүлбэл 4-5 сая толгой мал экспортолсон гэсэн үг. Манай улс өнгөрсөн жил экспортоос 160 сая доллар орчим буюу 400 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Цаашид мал, махны чанарыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малаас гарч буй бусад дайвар бүтээгдэхүүнийг сайжруулах, экспортлох боломжийг сайжруулах бодлогыг ХХААХҮЯ-наас хэрэгжүүлэх юм байна.
Өмнөх жилүүдэд хэрэглээнээс давсан мах зах зээлд нийлүүлдэг байсан болохоор үнэ харьцангуй хямд, тогтвортой байсан бөгөөд махыг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортын хэмжээ өссөнөөр зах зээлийн зарчмын дагуу үнэд нөлөөлсөн байна. Гэхдээ зөвхөн энэ шалтгаанаар үнэ өссөн гэвэл ташаа ойлголт. Учир нь шатахууны үнэ өссөнөөс тээвэрлэлтийн зардал нэмэгдэн махны үнэд нөлөөлсөн тухай ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар тайлбарлав.
Монголчууд жилд дунджаар 10-12 сая толгой мал буюу 300-400 мянган тонн махыг хүнсэндээ хэрэгдэг. Бид дотооддоо энэ хэмжээний махны хэрэгцээг бүрэн хангаад, цаашид ессөн сая толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, нийт 180 гаруй мянган тонн мах экспортлох боломж байгаа юм байна. Эрчимжсэн мал ахуйг хөгжүүлж, малаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж олон жил ярьсан манай улсын хувьд сүүлийн үед гадаад зах зээлд махны эрэлт ихэссэн нь том боломж. Цаашид ч боломжийг ашиглах хэрэгтэй гэдгийг салбар яамныхан үзэж буй.
Махны үнийг тогтворжуулахаар ХХААХҮЯ-ны болон холбогдох газруудын төлөөлөл багтсан Ажлын хэсэг гарсан бөгөөд махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар үнийг тогтворжуулах, шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Шадар сайдад танилцуулсан байна. Шадар сайд танилцсаны дараагаар махны үнийг тогтворжуулах арга хэмжээний тухай олон нийтэд албан ёсоор мэдээлэх аж.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
Эдийн засаг
Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсгийн 8 дахь удаагийн хурал 2025 оны 05 дугаар сарын 05-нд боллоо.
Уг хурлыг Сангийн сайд Б.Жавхлан ахаллаа. Хуралдаанаар Монгол Улсын экспорт, импортын нөхцөл байдал, гадаад валютын нөөцийн хэмжээ, өсөлт, энэ талаар хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, цаашдын төлөвлөгөөг ярилцлаа.
Мөн хуралдаанаас гарсан зарим саналуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтлоо.
Тус ажлын хэсэг 2025 оны 03 дугаар сарын 13-нд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд биржийн арилжааг сэргээхэд анхаарч ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн.
Тухайлбал, өнгөрсөн 3 сард биржээр 679 мян. тонн нүүрс арилжаалсан бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын байдлаар 1.3 сая тонн болж 2 дахин нэмэгджээ.
Мөн нүүрсний экспорт өнгөрсөн оныхтой адил түвшинд буюу 25 сая тонн, зэсийн баяжмалын экспорт өмнөх оноос 25 хувиар , төмрийн хүдрийн баяжмал 3.6 хувиар тус тус өссөн байна.
Түүнээс гадна гадаад валютын нөөц 5 тэрбум ам.доллар, экспортын орлого 4.2 тэрбум ам.долларт хүрлээ.