Нийгэм
Д.СУМЪЯАБАЗАР: УЛААНБААТАР ХОТЫН ТҮГЖРЭЛ 50 ХҮРТЭЛ ХУВИАР БУУРНА
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Яармагийн дэнжид ажиллаж байна. Нийслэлийн удирдлагын баг Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг танилцууллаа. Хотын дарга гол гудамж замын өргөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах холбоос 70.26 км замын төлөвлөлт болон гүүрэн байгууламж, нүхэн гарцуудын талаар танилцуулсан юм.
Тэрбээр “Эдгээр төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулна. Зураг төсөл болон барилгын компаниудтай уулзахад үндэсний бүтээн байгуулалтад том компаниуд нь манлайлан, жижгүүд нь нэгдэж ороход бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэдгийг хэллээ. Хурдны замыг олон улсын стандартын дагуу барихаар Хятадын 2-3 компанид санал тавьжээ.
Хан-Уул дүүрэгт жилд 10-20 мянган айл нэмэгддэг учраас сургууль, цэцэрлэгийн асуудал байнга тулгамддаг байна. Иймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төдөн айлын орон сууцны дунд цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж байх стандарт бий болгох хэрэгтэй” гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ч мөн энэ чиглэлд өчигдөр Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Хот төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ зэрэг байгууллагатай уулзаж, анхаарч ажиллаж байгаагаа хэлж байлаа.
Хан-Уул дүүргийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 10 орон сууц байдаг аж. Эдгээрт 25 удаа тендер зарласан ч компаниуд сонирхдоггүй, өнөө маргаашгүй нурахад хүрээд байгаа тул тус дүүргээс сонгогдсон гишүүд Ерөнхий сайд болон Хотын даргыг үүнд анхаарал хандуулахыг хүссэн. Түүнчлэн тус дүүргийн төдийгүй нийслэлийн хамгийн том хамгийн тулгамдсан асуудал нь Туул гол дагуу 30 гаруй байгууллага хайрга, дайрга олборлодог явдал. Гэтэл Туул голоос нийслэлийн иргэдийн 95.7 хувь, таван аймгийн 37 сумын иргэд ундаалдаг учраас цаашид ундны усны аюулгүй байдалд нөлөөлөхөд хүрээд байгаа юм. Ерөнхий сайд Хотын даргыг пүрэв гарагийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг танилцуулахыг хүссэн. Мөн тэрбээр “Төр зөвшөөрөл олгосон учраас эдгээр аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс уулзаж, Ажлын хэсэг байгуулж, нэг шийдэлд хүрэх хэрэгтэй” гэсэн юм. Мөн дараагийн тулгамдсан асуудал нь арьс, ширний үйлдвэрүүдэд үйлчилгээ үзүүлдэг “Харгиа” цэвэрлэх байгууламж орон сууцны хороолол дунд үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад нөлөөлж байгааг тус дүүргээс сонгогдсон гишүүд онцолж байлаа. Иргэд ч мөн энэ үеэр сургууль, цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй байгааг хэлж байсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Яармагийн замын ачааллыг 20 гаруй хувиар бууруулна. Уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхгүй бол ачаалал нэмэгдэж байна. Ботаникийн цэцэрлэгээс Моносын уулзвар хүртэл Энхтайваны өргөн чөлөөгөөр метро явахаар төлөвлөж байгаа. Нийт 17 км замын 10 км нь газар доогуур, хоёр талдаа тус бүр 3.5 км ил явна. Долоон буудлаас Чингисийн өргөн чөлөөгөөр уруудаад, Энхтайваны гүүр даваад Буянт-Ухаа хүртэл 30 км орчим хөнгөн галт тэрэг буюу LRT явахаар төлөвлөсөн” гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төлөвлөж байгаа бүгдийг дэмжье. Үр дүн чухал. Тооцоо, судалгааг сайн хийж, гаднын мэргэжилтэнтэй хамтран ажиллаарай. Газар чөлөөлөлт болон бусад зүйлээ төлөвлөж, сайн тооцоорой” гэсэн юм. Ийн ТЭЗҮ болон тооцоо, судалгааг зургадугаар сарын 19-нд танилцуулахаар боллоо.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.