Нийгэм
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ САЙН ХЭРЭГЖИЖ БАЙНА

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдтэй танилцлаа. Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “2000 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Ирэх жил мөн 2000 айлын орон сууц ашиглалтад оруулахад бэлэн болоод байна” хэмээн ярьж, газар чөлөөлөлт сайн явааг танилцууллаа. Тэрбээр мөн “Орон сууцжуулах ажил удаашралтай байна гэж иргэд ярьдаг ч өмнө нь жилд 1500-2000 айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол сүүлийн хоёр жилд 3000-4000 айлын орон сууц ашиглалтад орж байгаа. Таван компанийн барилга хүнд байдалтай байна. 27 байршлын 84 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжихээс 17 байршлын 37 хэсэгчилсэн талбайд тендер зарласан, 32 талбайд орон сууцжуулах ажил үргэлжилж байна. Нийт 45 мянган айлын орон сууц барихаар төлөвлөснөөс 10473 айлын оройн сууц ашиглалтад орсон. Ирэх 2022 онд 4000 гаруй айлын орон сууц хүлээж авах хүлээлттэй байна” гэв.
Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд инженерийн шугам, сүлжээнээс гадна борлуулалтад анхаарал хандуулах хэрэгтэй байдаг. Сүүлийн үед Засгийн газар үүнд ихээхэн анхаарал хандуулснаар борлуулалт нэмэгджээ. Гүйцэтгэгч компанийнхан “Иргэдийн газрыг шууд орон сууцаар сольж, байранд оруулж байгаа. Анх төсөл хэрэгжихэд түрээсийн байранд байлгаж байгаад, байр ашиглалтад орохоор оруулдаг байсан. Гэхдээ иргэд хашаа байсан газраа орон сууцанд орох сонирхолтой байдаг” гэлээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлт Баянзүрх дүүрэгт хамгийн сайн хэрэгжиж байгаа гэнэ. Албаныхан дахин төлөвлөлтийг хийхэд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг хэлж байлаа. Тухайлбал, барилгын компани газраа чөлөөлөөд явж байтал дунд нь ганц нэг айл газраа чөлөөлдөггүй. Миний өмч гээд тэр газраа барилга барих зөвшөөрөл авч, төлөвлөлтийг эвддэг. Хэрэв тухайн иргэн орон сууцжуулах төсөлд хамрагдахгүй бол хэрхэх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй гэнэ. Мөн зарим иргэн газар худалдан авч, газраа чөлөөлж өгдөггүй. Нийслэл дээр саналаа нэгтгэж, болохгүй байгаа зүйлсийг салбар яамдаа хүргүүлсэн аж.
Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд ч мөн 100 гаруй иргэн газраа чөлөөлье гэтэл хоёр иргэн газраа чөлөөлөхгүй гэдэг. Үүнээс болж компани ажлаа эхэлж чадахгүй, хүнд байдалд ордог. Газар чөлөөлөлтөд төсөв хүндрэлтэй байдаг. 960 хүүхдийн сургууль барья гэхэд газар чөлөөлөлтөд л нэг тэрбум төгрөг хэрэгтэй болдог. Гэтэл нийслэлийн төсөвт 1.5 тэрбум төгрөг төсөвлөдөг. Тэгэхээр сургууль, цэцэрлэгээ барьж чадахгүйд хүрээд байна гэдгийг ярьж байлаа.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.