Энтертайнмент
MAMAMOO: БИД МОНГОЛД ОЧИХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Хүчирхэг хоолой, бүжгийн өвөрмөц хөдөлгөөнөөрөө алдартай MAMAMOO хамтлаг Монголд ирэхээр төлөвлөжээ.
Зургадугаар сарын 6-ны өдөр, MAMAMOO хамтлагийн Moonbyul, Wheein, Hwasa нар Vlive сувгаараа шууд дамжуулалт хийж, сүүлийн үед хийж буй уран бүтээл болон хамтлагийн цаашдын үйл ажиллагааны тухай ярьжээ. Тус шууд дамжуулалтын үеэр MAMAMOO хамтлагийн шүтэн бишрэгчдийн дийлэнх нь сэтгэгдлээ англи хэл дээр бичсэн бөгөөд тэдгээр сэтгэгдлийг анзаарсан гишүүд цаашид олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж буй тухайгаа мэдэгджээ. Ийнхүү Wheein:
– “Бид Монгол руу явахаар төлөвлөж байгаа” хэмээхэд Moonbyul:
– “Тийм шүү, дэлхий даяар аялна. Бид танайд зочилно оо” гэжээ.
Хэрвээ MAMAMOO хамтлаг Монголд ирж тоглолт хийвэл энэ нь тэдний манай улсад ирж буй хоёр дахь тохиолдол болох юм. Тодруулбал, 2015 онд БНСУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 25 жилийн ойн тоглолтод MAMAMOO хамтлаг оролцсон билээ.
Ташрамд сонирхуулахад, MAMAMOO хамтлаг нь 2014 онд анхны уран бүтээлээ гаргасан бөгөөд өдгөө к-поп ертөнцийн шилдэг эмэгтэй хамтлагийн тоонд зүй ёсоор багтаж байгаа юм. Энэ онд тус хамтлагийн гэрээний хугацаа дуусах бөгөөд Solar, Moonbyul, Hwasa нар гэрээгээ сунгасан бол Wheein-ий зүгээс тодорхой шийдвэр гаргаагүй байгаа аж. Гэсэн хэдий ч RBW энтертайнментаас MAMAMOO хамтлагийг тарахгүй хэмээгээд цаашид илүү их дэмжиж ажиллахаа мэдэгджээ.
Эх сурвалж: Allkpop
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.