Эдийн засаг
“ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ЯГШТАЛ БАРИАД ТОМ ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛАХ ЁСТОЙ”

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг бүтээн байгуулалтын ажлуудын талаар Ерөнхий сайдад мэдээлэл өглөө.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр (1,236 тэрбум доллар) хэрэгжиж буй бөгөөд жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Төсөл 5 ажлын багцаас бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар Инженерчлэл, төлөвлөлт, зохион байгуулалт болон Технологийн бус барилга байгууламж барих ажлын гэрээ байгуулагдан бүтээн байгуулалт үргэлжилж байна. Үйлдвэрийн талбайд оффис, сургалтын төв, гал команд болон анхны тусламжийн байр, засварын цех, лаборатори, агуулахаас гадна Бор Хөөвөрийн говиос татах усан хангамжийн ажлыг цогцоор нь байгуулна. Уг бүтээн байгуулалтын дараа үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудыг барина.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компани нь төслийг иж бүрнээр нь хэрэгжүүлэх үүднээс ажилтнуудын орон сууцны хотхоныг Сайншандад барьж байна. 550 айлын уг хотхон нь оффис, хурлын танхим, хоолны заал, анхны тусламжийн төв, дэлгүүр, ахуйн үйлчилгээ, сургууль цэцэрлэг, ногоон байгууламж зэргээс бүрдэх бөгөөд нийт 11 барилгаас бүрдэх ажээ.
Одоогоор орон сууцны барилгын ажил 85 хувьтай байна. Өнгөрөгч зургадугаар сард эхний ээлжийн орон сууц ашиглалтад орох байсан ч цар тахлын улмаас хойшилжээ.
Эрдэнэт, Дархан, Хөтөл, Багануур зэрэг уул уурхай, үйлдвэр даган боссон хотуудын нэгэн адилаар Сайншанд ч тун удахгүй Газрын тос боловсруулах үйлдвэрээс эхтэй аж үйлдвэржсэн хот болон хөгжинө гэж гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
-Монгол Улсын түүхэнд үлдэх том бүтээн байгуулалтад гар бие оролцон, хүчин зүтгэж байгаа та бүхэнд Засгаас газраас талархаж буйгаа илэрхийлж байна. Дэлхий нийтээрээ цар тахалтай тулсан амаргүй нөхцөлд байна. Энэ цаг үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлан бүтээн байгуулалтыг урагшлуулж байгаа нь чухал хэдий ч та бүхний эрүүл мэнд юу юунаас чухал гэдгийг мартаж болохгүй гээд тэдний ажилд амжилт хүслээ.
Үүний дараагаар Ерөнхий сайд төв болон орон нутгийн хэвлэл мэдээллийнхний асуултад хариуллаа.
Замын-Үүд боомтын ажлыг эрчимжүүлэх үүднээс 30 хоногийн үүрэг өглөө. Энэ хугацаанд байдал дээрдэхгүй бол хариуцлага тооцно гэдгийг хэлсэн. Үүнд илүү тодорхой хариултыг сэтгүүлчид тодрууллаа.
– Цар тахлаас үүдээд Замын-Үүд, Гашуун сухайт боомт дээр хүндрэлүүд гарч байна. Үүнтэй холбоотой өмнө нь ажлын хоёр хэсэг гарч ажилласан. Үр дүнг нь үзэх гэж Замын-Үүд боомтод ажиллаж байгаа нь энэ. Монголын талд Хятадын талаас тавьж буй хэд хэдэн шаардлагыг богино хугацаанд биелүүлэх нөхцөл байдал үүсч байна. Энэ нөхцөлийг сайжруулах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчийг томиллоо. Эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын баг томилж ажиллахаар боллоо. Үр дүн нь наана гарна гэж итгэж байгаа ч 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө. Хоёр талд байгаа хилийн хяналтын байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ барьж Улаанбаатараас ирэх ачаа барааны халдваргүйтлийг хийх, ээлжийн жолооч нарын эрүүл мэндийн асуудал, вакцинжуулах зэрэг зайлшгүй хийх ажил байгаа. Энэ хугацаанд үр дүн гарахгүй бол хариуцлагын асуудал ярина гэж Засгийн газрын тэргүүн сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэллээ.
Юун дээр алдаа гарсан гэж харж байна. УОК-ийн дарга сар орчмын өмнө ирж, хил нэвтрэх машины тоог 50 орчмоор нэмэгдүүлнэ гэсэн. Гэтэл одоо ч байдал хэвээрээ л байна?
– Гол зүйл цар тахалтай л холбоотой. Барааны гадаргуугаас үүдсэн ковидын нөхцөл байдлаас шалтгаалсан. Лабораторийн шинжилгээ хийсэн. Гадаад харилцааны яамаар дамжуулан Хятадын талтай ярьж байгаа. Ачаа барааны гадаргууг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ сайжруулах ёстой.
Ачаа тээврийн үнийн хөөрөгдөл бий болоод байна. Энэ асуудлаар АТГ-д хандсан гэж байсан. Энэ талаар тодруулъя?
– 200-250 машин өдөрт хилээр гардаг байсан боомт өнөөдөр 100 машин гээд хязгаарлалт тавьчихаар бөөгнөрөл үүсэж, эрэлт нийлүүлэлт зөрж үнэ өсөж байна. Дээрээс нь нугалаа үүсгэж байж магадгүй гэсэн мэдээлэл ирсний дагуу Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг ажиллаад мэдээлэл өгөөд явж байгаа. Энэ мэдээллийн мөрөөр Замын-Үүдэд ажиллалаа.
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил нэг жилээр хоцорлоо гэдгийг удирдлагууд нь ярьж байна. Та ямар арга хэмжээ авна гэж төлөвлөж байна?
– Зөвхөн Монгол биш дэлхий даяар цар тахалтай тулж байна. Нэг жил зогслоо. Тиймээс бид одоо ковидтой дасан зохицоод, сөрөөд, халдвар хамгааллын дэглэмээ сайн бариад том төслүүдээ урагшлуулахгүй бол эдийн засаг хүндэрч, бүх улс оронд төсөв тасалдах хэмжээний хямрал үүснэ. Эхний шинж тэмдгүүд гарч байна. Тухайлбал, зогсонги байж байгаад гэнэт хөдөлгөөн орж, үйлдвэрлэл сэргээд ирэхээр бараа материалын хомсдол, үнийн хөөрөгдөл үүсч байна. Үүнийг хамтдаа даван туулах шаардлагатай. Газрын тосны үйлдвэр ч биш бусад бүтээн байгуулалт, олон төсөл цар тахлаас улбаалж нэг жил алдлаа. Ийм учраас эрчимтэй ажиллаж, анхаарал хандуулах ёстой гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм18 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ