Спорт
Э.ЦЭНДБААТАРЫН ӨРСӨЛДӨГЧ АЛЬБЕРТ БАТЫРГАЗИЕВ ГЭЖ ХЭН БЭ?
Токиогийн олимпын наадамд манай гурван боксчин оролцсоноос Гавьяат тамирчин Э.Цэндбаатар ганцаараа тэмцээнээ үргэлжлүүлж байгаа.
Тэрээр эхний тойрогт Африкийн аварга, Африкийн наадмын хүрэл медальт, Кенийн Николас Окоттой таарч, 3:2 харьцаатай ялалт байгуулсан. Дараа нь Вьетнамын Нгуен ван Дуонгийг 5:0 ялсан.Дараагийн тойрогт манай тамирчин Оросын Альберт Батыргазиевтай тулалдана.
Батыргазиев бол ОХУ-ын 4 удаагийн аварга (2017, 2018, 2019, 2020), мэргэжлийн боксоор WBA Asia буюу Азийн аварга болж байсан боксчин.
Мэргэжилд 3 тоглож, бүгдэд нь цагаас өмнө хүнд цохилтоор ялж байсан. Хамгийн сүүлд өнгөрсөн нэгдүгээр сард ӨАБНУ-ын Сибусисо Зингангег долоодугаар үед хүнд цохилтоор ялжээ.
Тэр Токиогийн олимпод оролцсоныхоо дараа мэргэжилд бүрэн шилжинэ гэдгээ зарлаад байгаа. Олимпын аварга болчихвол мэргэжилд зиндаа ахихад хялбар болно гэж ярьсан удаатай.
Альберт Токиогийн олимпод нэг тулалдаж, нэг ялсан байгаа. Доминиканы Алекс де ла Крузыг илт давуу буюу 5:0-ээр ялсан.
АЛЬБЕРТ БАТЫРГАЗИЕВ
23 настай, дагестан үндэстэн.
Дасгалжуулагч – Руслан Куштанов
Баг – ЦСКА
ОУХМ цолтой.
Нижневартовын их сургуулийн оюутан.
Кикбоксын идэрчүүдийн дэлхий, Европын аварга.
Олимпын аварга болох мөрөөдөлтэй тул 2016 онд кикбоксоо орхиж, боксын спортод шилжсэн түүхтэй. 2017 онд анх удаагаа боксын УАШТ-д оролцож, шууд түрүүлсэн.
2019 оны ДАШТ-д шөвгийн наймд Кубын Ласаро Альварест ялагдсан.
Филиппины боксчин Мэнни Пакьяог шүтдэг.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ
Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Б.Нарантуяа шөвгийн наймд Хонгконгийн тамирчинтай өрсөлдөнө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.
Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.
Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөнө. Ялсан нь хагас шигшээд шалгарна.
Өдгөө 38 настай И Тэн Чун нь 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм. Мөн 2024 оны гуравдугаар сард болсон ДАШТ-ий үеэр Б.Нарантуяатай өрсөлдөхөд 3:2-оор манай улсын тамирчин түүнийг ялсан билээ. Тэгвэл Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Ц.Батцэцэг гурван өдөр дараалан медалийн тавцанд гарлаа
Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.
Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр манай улсаас шагайн спортын эмэгтэйчүүдийн багийн төрөлд Н.Оналган, М.Шүкир, Н.Роза, Д.Күннүр нар хүрэл медаль хүртсэн бол есөн хоргол оюуны спортын багийн төрөлд Т.Жансая, Х.Хуралай, Х.Ерманат, Р.Жасулан нар хүрэл медаль хүртлээ. Харин алыш бөхийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр өмнөх өдрүүдэд энэ наадмын казак болон кураш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн билээ.
Онцолбол, Ц.Батцэцэг нь казак кураш бөхийн болон жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Дэлхийн нүүдэлчдийн наадам дөрөв дэх өдрөө өрнөхөд Монгол Улсын баг одоогоор гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 16 дугаар байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.