Эдийн засаг
Шатахууны үнэ дахин 100 төгрөгөөр буурлаа

Өчигдөр ЗГХЭГ,УУХҮЯ-аас өгсөн чиглэлийн дагуу АМГТГ-аас нефть импорлогч компаниудтай зөвшилцөн өнөөдрөөс АИ-80, АИ-92, дизель түлшний жижиглэнгийн үнийг литр тутамд 100 төгрөгөөр бууруулахыг үүрэг болгосон билээ. Үндсэндээ бол дэлхийн зах зээл дээрхи түүхий тосны үнэ, Монгол Улсад хилээр орж ирж байгаа импортын нефтийн бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас тус тус буурч байгаатай холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Монгол улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сараас эхлэн шатахууны үнийг бууруулах талаар импортлогч компаниудтай зөвшилцөн жижиглэнгийн үнийг шат дараатай бууруулж,өргөн хэрэглээний бензин, түлшний үнийг литр тутамд нийт 250 төгрөгөөр хямдруулаад байгаа.
Ерөөс стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа Засгийн газар бүрт шатахууны үнийг барих бичигдээгүй үүрэг ногддог. Засгийн газар бүр энэ үүргээ биелүүлэхийн тулд янз бүрээр ажилласаар ирсэн. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар монголын төр хэдий болтол шатахуун импортлогч 10-аадхан гэр бүлд бууж өгч, тэднийг баяжуулан, ард түмний халаасыг улам бүр нимгэлэх вэ үүнийг таслан зогсоож, импортлогчдын тусгай зөвшөөрөлтэй шууд ярьж, бусдад боломж олгох замаар чөлөөт өрсөлдөөн бий болгох зэрэг арга хэмжээ авч ажиллана гэдгээ хатуу анхааруулан ажиллаж байна.
Өнгөрсөн жилүүдэд шатахуун импортлогчид үнээ үгсэн нэмдэг, үе үеийн Засгийн газруудыг шантаажилж бизнесээ амжилттай авч явж ирсэн түүх бодит үнэн. Хэдхэн гэр бүл энэ зах зээлд монополь болж, тэдний арга улам бүр нарийссан байдаг. Төрөө үл хүндэтгэн ард түмнийг “сэтгэл зүйд нь дасгах” технологоор өнөөг хүртэл шатахууны үнэд туйлдуулж ирсэн юм. Өөрөөр хэлбэл өчнөөн өдөр шатахууны үнэ 2000 төгрөг хүрнэ гэсэн мэдээллээр бөмбөгдүүлчихсэн иргэд “ Өө үнэ нэмэгдчихэж” гэж хүлээж авна. Яг ийм байдлаар тэд төр засгаа шантаажилж, төр засаг нь буулт хийсээр ирсэн түүхтэй.
Ямартай ч Монгол улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдрөөс шатахууны үнэ дахин 100 төгрөгөөр буурч хэрэглэгчдэд очих ёстой. Хэрэв шатахууныг үнийг буулгахгүй бол тэдэнд хариуцлагын тогтолцоо үйлчлэх юм.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
Эдийн засаг
Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсгийн 8 дахь удаагийн хурал 2025 оны 05 дугаар сарын 05-нд боллоо.
Уг хурлыг Сангийн сайд Б.Жавхлан ахаллаа. Хуралдаанаар Монгол Улсын экспорт, импортын нөхцөл байдал, гадаад валютын нөөцийн хэмжээ, өсөлт, энэ талаар хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, цаашдын төлөвлөгөөг ярилцлаа.
Мөн хуралдаанаас гарсан зарим саналуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтлоо.
Тус ажлын хэсэг 2025 оны 03 дугаар сарын 13-нд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд биржийн арилжааг сэргээхэд анхаарч ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн.
Тухайлбал, өнгөрсөн 3 сард биржээр 679 мян. тонн нүүрс арилжаалсан бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын байдлаар 1.3 сая тонн болж 2 дахин нэмэгджээ.
Мөн нүүрсний экспорт өнгөрсөн оныхтой адил түвшинд буюу 25 сая тонн, зэсийн баяжмалын экспорт өмнөх оноос 25 хувиар , төмрийн хүдрийн баяжмал 3.6 хувиар тус тус өссөн байна.
Түүнээс гадна гадаад валютын нөөц 5 тэрбум ам.доллар, экспортын орлого 4.2 тэрбум ам.долларт хүрлээ.