Энтертайнмент
МОНГОЛЫГ ЗОРИХУЙЦ КИНО БҮТЭЭВЭЛ ЗАРДЛЫН БУЦААН ОЛГОЛТ, МӨНГӨН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

УИХ-аас дотоодын болон гадаадын кино үйлдвэрлэгч студи, телевизийн кино үйлдвэрлэл эрхлэгчдийг Монгол Улсыг зорих шалтгаан болохуйц Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталлаа.
Хуульд кино урлаг өндөр хөгжсөн улс орнуудын шилдэг туршлагаас суулгасан гэдгийг Соёлын яамнаас онцоллоо. Тухайлбал, хуульд тодорхой шаардлага хангасан уран бүтээлчдэд зардлын буцаан олголт, мөнгөн дэмжлэг олгох зохицуулалт тусгагджээ. Үүгээр Монгол Улс ойрын хугацаанд кино үйлдвэрлэгчдийг татахуйц орон болохыг зорьж байна. Ингэснээр кино зах зээлийг дагалдан Монголын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өвөрмөц соёл, өв уламжлалыг дэлхийд сурталчлах, шинэ ажлын байр бий болгох, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах боломжтой болно хэмээн тооцжээ.
Соёлын сайдын хэлснээр Монгол Улс кино, телевизийн тэргүүлэгч студиүдийг эх орондоо хүлээн авч, тэдэнтэй бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна.
Шинээр байгуулагдах Монголын кино зөвлөлөөс кино үйлдвэрлэлийн урамшуулал, зардлын буцаан олголт болон Монгол Улсад кино үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлж буй хууль тогтоомжийн бусад арга хэмжээг удирдан зохион байгуулах юм. Монголын кино зөвлөлийн үйл ажиллагаа болон болон урамшууллын хөтөлбөрүүд нь 2022 оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.
Кино үйлдвэрлэлийн урамшуулал буюу мөнгөн дэмжлэг, зардлын буцаан олголтын талаарх тойм:
- Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээгдэж буй кино төсөлд буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх зориулалтаар 500.000 америк долларыг тодорхой шаардлага хангахуйц зориулалтаар зарцуулсан бол зардлын 30 хувийн байршлын урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
- Байршлын урамшуулал авсан уран бүтээлчийн бүтээсэн кино нь Монголын өвөрмөц соёл, өв уламжлалыг онцлон харуулсан бол 10 хувийн соёлын урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
- Байршлын урамшуулал авах шаардлага хангасан кино зураг авалтад оролцсон гадаадын жүжигчид болон кино багийн гишүүдэд 5 хувийн урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
- Байршлын урамшуулал авсан уран бүтээлч эвлүүлэг, дуу, дүрсний найруулгыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хийж, олон тооны монгол ажилчдыг ажиллуулсан төслүүдийн эвлүүлэг, дуу, дүрсний найруулгын 30 хувийн урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
- Монголын соёл, өв уламжлалыг олон улсад эерэгээр сурталчлан таниулсан монгол кино бүтээгчдэд 20 хувийн монгол киноны урамшуулал олгоно.
- Байршлын урамшууллыг дангаар болон соёлын урамшуулал, кино багийн урамшууллыг хамтад нь 30%+10%+5% = 45%-ийн буцаан олголт авах боломжтой.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
