Энтертайнмент
УЛААНБААТАР ХОТЫН 382 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт 382 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын музей Монгол Арт галерейтай хамтран гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж байна. Тодруулбал, XX зууны эхэнд Монголын нэрийг дэлхий дахинаа дуурсгасан Рой Чапмен Эндрюсийн 1919-1925 оны монгол орон, монголчуудын зан заншил, эгэл бор амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгасан ховор бүтээлүүдийг олон нийтэд дэлгэлээ.
Рой Чапмен Эндрюс нь Төв Азийн хоёр, гуравдугаар экспедицийг удирдан зохион байгуулахдаа 1919, 1922, 1923, 1925 онд Монгол нутагт дөрвөн удаа айлчилж байжээ. Ингэхдээ манай орны хөхтөн амьтан судлал, шувуу судлал, геологи, палеонтологи, эртний болон орчин цагийн ургамлыг судлан, археологийн асар их баялагтай, шинжлэх ухааны онцгой чухал бүс нутаг болохыг баталсан байдаг.
Анх 2013 онд БСШУЯ, Улаанбаатар хотын музей, Палеонтологийн музей хамтран уг гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж байжээ. Ийнхүү хоёр дахь удаагаа Улаанбаатар хотын музей, Монгол Арт галерей, “Гамма” гэрэл зургийн агентлаг, “Монголын динозавр судлалын хүрээлэн” ТББ хамтран “Индиана Жонс Рой Чапмен Эндрюс Монголд” (1919-1925 он) гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулаад байна.
Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Энэ удаагийн үзэсгэлэнг гурван төрлийн дэглэлттэйгээр тавьж байгаа. Тухайлбал, 1919-1925 онд Рой Чапмен Эндрюсийн удирдсан Төв Азийн хоёр, гуравдугаар экспедицийн археологи, палеонтологи, үлэг гүрвэлийн эртний олдвортой холбоотой гэрэл зургууд бий. Хоёрдугаарт, 100 жилийн өмнөх монголчуудын ахуй байдлыг буулгасан гэрэл зургууд, гуравдугаарт, XX зууны эхэн үеийн Монголын хот суурин газар, сүм хийдийг хальснаа буулгасныг үзэсгэлэндээ багтаасан юм. Үзэсгэлэнгийн 60-70 хувь нь тухайн үеийн монголчуудын ахуй байдлыг харуулснаараа онцлогтой” хэмээж байлаа.
Гэрэл зургийн үзэсгэлэнг үзэхээр ирсэн кино найруулагч Б.Баяр “Хоёр дахь удаагаа гарч буй уг үзэсгэлэнг зорьж ирж үзлээ. Энэ үзэсгэлэнгээр 100 жилийн өмнөх монголчуудын амьдралын хэв маягийг харж болохоор байна. Рой Чапмен Эндрюс Монголд дөрвөн удаа ирэхдээ манай орны онгон дагшин байдал, ахуй амьдралыг дэлхий нийтэд сурталчилж байсан нь гайхалтай. 1920-иод оны үеийн аж амьдрал, соёл, ёс заншлыг харахыг хүсвэл иргэд, олон нийт, залуус заавал ирж үзээрэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
“Их хүрээ, Монголын хязгаар нутгуудын соёл, түүхийг гэрэл зургийн хальсанд үлдээсэн нь маш чухал баримт, өв юм. Уг бүтээлүүдээс маш олон уран бүтээлийн санаа төрсөн байдаг. Тиймээс урлаг судлаачид, уран бүтээлчид “Индиана Жонс Рой Чапмен Эндрюс Монголд” гэрэл зургийн үзэсгэлэнг ирж үзээрэй” хэмээн зураач Д.Батнасан уран бүтээлчдэд санал болгож байлаа.
125 гэрэл зургаас бүтэх уг үзэсгэлэн аравдугаар сарын 6-нд нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх юм. 100 жилийн өмнөх монголчуудын ахуй амьдралаар аялахыг хүссэн хэн бүхэн Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах Монгол Арт галерейн үзэсгэлэнгийн танхимд зочлох боломжтой.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
