Нийгэм
СХД-т гэр шатаж, нэг хүн нас баржээ

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 01:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 01:38 цагт очиж, 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Ц /33 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ. Цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 11:53 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 12:00 цагт очиж, 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Б /56 настай, эрэгтэй/ нүүр хэсгээрээ түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Гарч байгаа гал түймрийн голлох шалтгаан нөхцөл нь пийшин зуухны буруу галлагаа, яндангийн халалт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн буруу хэрэглээ зэргээс үүдэн гарч байгааг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байна.
Иргэд галын аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд пийшин, зуухны галын аюулгүй байдлыг хангуулан пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулахыг зөвлөж байна.
Пийшин, зууханд зориулалтын бус түлш болох хуучин хувцас, дугуй, хуванцар, хуурай хог хаягдал зэргийг хэрэглэхгүй байх, яндангийн хөөг тогтмол цэвэрлэж байх, үнс нурмыг тусгай төмөр саванд хийж хөргөсний дараа бусад хуурай хог хаягдалтай нийлүүлж хаях хэрэгтэй.
Мөн орон сууц, гэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийг заавал эрх бүхий мэргэжлийн этгээдээр угсралт, засвар үйлчилгээг хийлгэхийг зөвлөж байна.
Бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр орхих, цоожилж үлдээхгүй байх, орхих тохиолдолд заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна .

Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Нийгэм
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 54 суманд аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 153 нь объектын гал түймэр, 14 нь ой хээрийн гал түймэр, 5 нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм1 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Энтертайнмент1 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент19 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад17 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна
-
Нийгэм12 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ