Нийгэм
Зорилгодоо хүрэх зургаан арга

Нэгдүгээр сарыг шинэ оны зорилтуудаа тодорхойлж, төлөвлөхөд маш тохиромжтой хугацаа гэж Forbes сэтгүүл онцолжээ.
Үүний тулд та өнгөрсөн онд ямар амжилтууд гаргасан, цагаа юунд зарцуулснаа бодож, шинэ ондоо юу хийж бүтээмээр байгаагаа эргэцүүлэн, зорилго, зорилтоо тодорхойлоорой.
1. Үнэхээр амжилтад хүргэхийг хүсэж буй зорилгоо тодорхойл
Ихэнх хүмүүс аав, ээж, найз нөхдийнхөө зөвлөгөөг дагаж, гадны нөлөөтэй зорилгоо тодорхойлох нь бий. Зарим хүн зорилгоо тодорхойлж чаддаггүй.
Өөрийн амьдралд үнэхээр хүсэж буй зүйлээ олж мэдэх шилдэг арга бол урт жагсаалт бичих юм. Толгойд орж ирсэн, хийхийг хүсдэг санаа болгоноо бичих хэрэгтэй. Дараа нь тэдгээрээс чамд хамгийн их урам зориг өгч буй, биелүүлэхийг хүсэж буй зорилтоо дугуйлаарай.
Дараа нь, энэхүү жагсаалтаасаа өөрийн хийх ёстой эсвэл хийхийг хүсэж буй том төслөө олж жагсаа.
2. Зорилгодоо хүрэх алхмуудаа тодорхойл
Энэ нь тавьсан зорилгодоо хүрэх жижиг алхам, зорилтуудыг дэвшүүлнэ гэсэн үг юм. Жишээ нь ирэх онд Англи хэлний түвшингээ ахиулах зорилго тавьсан бол өдөрт доод тал нь хоёр цагийг зарцуулна, жингээ хасах зорилт тавьсан бол зөв хооллож хэвших, тогтмол дасгал хөдөлгөөн хийх гэх мэтчилэн бодит алхам хийж, түүндээ цаг гаргах хэрэгтэй.
3. Бусдад хуваалцах
Найз нөхөд, гэр бүлийнхэндээ хуваалцах нь зорилгодоо хүрэх хамгийн сайн арга замуудын нэг юм.
Мэдээж, дутагдалтай талаа бусдад ярих эвгүй. Гэхдээ ингэснээр та сайн зөвлөгөөг авч чадна. Магадгүй, таны сонсогч өмнө нь адил зорилготой байсан байж болно. Тэгвэл тэд танд тэрхүү зорилгод хүрсэн туршлагаасаа хуваалцана.
Хүмүүст зарлах тусам үүнийг хийхгүй бол болохгүй гэсэн бодол төрж, өөрийгөө дайчилдаг сайн талтай.
4. Зорилгодоо хүрэхийн тулд илүү их зорилго тавь
Билл Гейтс нэг удаа “Ихэнх хүмүүс нэг жилийн дотор юу хийж чадахаа мэддэг, харин 10 жилийн дараа юу хийсэн байхаа мэддэггүй” гэж хэлсэн байдаг.
Хэрэв таны зорилго маш том бол, ихэнх хүмүүс зорилгоосоо ухардаг, болихоор шийддэг.
Гэхдээ үүний оронд магадгүй та төлөвлөгөөгөө өөрчлөөд үзэх хэрэгтэй. Жишээ нь, дарга болох зорилготой гэж бодъё. Энэ бол сайхан зорилго, гэхдээ хэрэв та дөнгөж ажилд орсон нэгэн бол энэ нь маш том юм. Зүгээр сууж байгаад л, нэг л өдөр дарга болчихгүй шүү дээ. Тиймээс та том зорилгодоо хүрэхийн тулд жижиг зорилт, төлөвлөгөөг гаргах хэрэгтэй.
5. Өөрийгөө зорилгодоо хүрч буйгаа төсөөл
Жишээ нь та энэ жил Лондонгоор аялах зорилго тавьсан бол онгоцны билет авчихсан, явж байна гэж төсөөл. Чи л өөртөө итгэж, эерэг байх нь чухал.
6. Зорилгодоо хүрсэн байх цаг хугацааг тодорхойл
Хугацаагаа мэддэг байх нь амжилтад хүрэх гол түлхүүр. Ингэснээр таны зорилго илүү тодорхой болж, та яаралтай эхлэх хэрэгтэй гэдгээ ухамсарлах болно.

Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Нийгэм
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 54 суманд аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 153 нь объектын гал түймэр, 14 нь ой хээрийн гал түймэр, 5 нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм1 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Энтертайнмент1 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент19 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад17 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна
-
Нийгэм12 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ