Спорт
М.АНХЦЭЦЭГ ТЭРГҮҮТЭЙ ТУЙВАНЧИД ДЭЛХИЙН АВАРГЫГ ЗОРИНО

Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй Монголын хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчид ирэх долоо хоногт насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-д өрсөлдөхөөр хилийн дээс алхана.
Узбекстаны Ташкент хотноо арванхоёрдугаар сарын 5-15-ны хооронд үргэлжлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 137 улсын 800 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ баталгаажуулжээ.
Энэ Дэлхийн аваргаас “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо өгч эхлэх тул туйванчдын хувьд олимпын гараагаа эхлүүлэх чухал тэмцээн юм.
Баг тамирчдын дасгалжуулагчаар Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Шигшээ багийн ахлах Ц.Хосбаяр, дасгалжуулагч Ц.Батзаяа нар ажиллана.
БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Эмэгтэй
55 кг: Э.Энхтамир
78 кг: Г.Анужин
81 кг: М.Анхцэцэг
81 кг: Э.Билэгсайхан
Эрэгтэй
61 кг: У.Амарбаяр
81 кг: А.Барсболд
Монголын хүндийг өргөлтийн спортын баг тамирчид ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртсэн ба “Алдар” спорт хороо, “Эрхэт Монгол” группийн тамирчин М.Анхцэцэг 2017, 2019 оны Дэлхийн аваргаас хүчтэний эдгээр медалийг хүртэн, шинэ түүх бүтээсэн билээ. Түүний хувьд хамгийн сүүлд “Токио-2020” олимпын наадамд өрсөлдөн, IV байр эзэлсэн.
Дэлхийн аваргад хүч сорих тамирчид арванхоёрдугаар сарын 2-нд Ташкентыг зорихоор төлөвлөж байна.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.