Эдийн засаг
Г.ГАНГАМӨРӨН: ЖДҮҮ ЭРХЛЭГЧ 20 ГАРУЙ ААН-ИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ 50 САЯ ХҮНД ХҮРДЭГ САЙТАД БАЙРШУУЛЖ, ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД БОРЛУУЛЖ ЭХЭЛСЭН

-ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИДДЭЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БУЦАЛТГҮЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ-
Энэ сарын 1-нээс эхлэн Япон Улсын www.sto-ory.com сайтаар дамжуулан нийслэлийн 20 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүн борлуулагдаж эхэлсэн. Энэ талаар болоод жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн дунд нээгдэж буй онцлох боломжуудын тухай Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнтэй ярилцлаа.
– Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвөөс сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа онцлох ажлуудын талаар яриагаа эхэлцгээе.
– Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-аас өнгөрөгч 2021 онд бодлогын шинж чанартай томоохон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Зөвхөн төсвийн хүрээнд хийх ажлуудаас илүүтэй олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллалаа. 15 орчим байгууллагатай санамж бичиг байгуулан ажилласны нэг болох “HIS Mongolia” ХХК-тай хамтран Бичил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд борлуулах ажлыг эхлүүлсэн.
Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран нэг тэрбум төгрөгийн санхүүжилттэй тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламжийг олгож эхлэхээр боллоо. Мэдээж олон улсын байгууллагуудын төлөөлөл, мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг ажиллан, шалгаруулалт хийсэн.
Эхний ээлжид Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд ажиллаж байгаа, КОВИД-19 цар тахлын нөлөөнд өртсөн, тоног төхөөрөмжийн дэмжлэг зайлшгүй хэрэгцээтэй 33 иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад 10 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Ирэх хоёрдугаар сарын сүүлээр АНУ, Канад улсад зохион байгуулагдах олон улсын үзэсгэлэнд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг оролцуулахаар төлөвлөөд байна. Германы хамтын ажиллагаа (GIZ)-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хоёрдугаар улиралдаа багтаан тус улсын зах зээлд гаргах тал дээр ажиллаж байгаа.
Энэ мэтчилэн БНСУ, БНХАУ-ын зах зээлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, худалдан борлуулах, зах зээлийг нь өргөтгөх боломжуудыг эрэлхийлэн ажиллаж байна.
– Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн Япон Улсын зах зээлд гарч буй сайхан мэдээг дуулгалаа. Цахим платформд хэр өндөр хандалттай худалдааны сайтаар дамжуулан борлуулалтаа хийж байгаа вэ?
– HIS хэмээх Япон Улсын томоохон аялал жуулчлалын компани байдаг.
Аялал жуулчлалын салбар дангаараа хөгжихөөс илүүтэй тухайн бүс нутаг, улс орны үндсэн бүтээл, бүтээгдэхүүн үнэ цэнэ нэмж өгдөг. Тухайлбал, Монгол Улсын хувьд өв соёл шингэсэн, өвөрмөц хийцтэй, монгол орны соёл, уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүнүүд их үнэ цэнтэй байдаг.
Япон Улсын ард иргэд ч Монголын арьсан эдлэл, монгол шинж чанар бүхий бүтээгдэхүүнүүдэд дуртай байдаг. Тиймээс тус компанийн Монгол дахь салбар болох “HIS Mongolia” ХХК жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд гаргах, цаашилбал олон улсын зах зээлд өрсөлдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тус компани нь аялал жуулчлалын салбарт улсдаа эхний аравт бичигдэх шилдэг компани.
“HIS Mongolia” ХХК-ийн гүйцэтгэх захирал Харада Осамү “Үүнийг дан ганц Японы зах зээл гэж харж болохгүй ээ. Энэ бол яг Алибаба шиг Японоос үүсэлтэй ч борлуулалт болоод зах зээл нь дэлхийн хэмжээнд үнэлэгдэх юм шүү” хэмээн зүйрлэж байсан.
– Тус сайтад бараа бүтээгдэхүүнээ борлуулж буй 20 гаруй аж ахуй нэгжүүдийг ямар шалгуур үзүүлэлтээр сонгосон бэ?
– Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын харьяанд бодлого үйл ажиллагааг нь зангидаж ажилладаг есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв багтдаг. Есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвөөр дамжуулан иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын хүсэлтийг хүлээн авсан.
Хүсэлт гаргасан аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүнийхээ түүхий эд, материалыг хаанаас авч байна, эцсийн бүтээгдэхүүнээ хэрхэн яаж боловсруулж байна вэ, олон улсын зах зээлд гаргах чанарыг хангаж байна уу, MNS болон ISO стандартаар үйлдвэрлэж байна уу гэх мэтчилэн тодорхой хэмжээний нөхцөл шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ шалгуур гэхээсээ илүүтэй ерөнхий шаардлагыг л хангасан тохиолдолд тус цахим платформд бүтээгдэхүүнийг байрлуулж байгаа.
Мэдээж цахим платформ дахь бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн зах зээлээр үнэлэгддэг тул хэрэглэгчид тухайн бараа бүтээгдэхүүнийг сонирхохгүй, хандалт муутай, худалдан авалт хийхгүй бол тодорхой хугацааны дараа цахим платформоос хасагдана. Тиймээс эхний ээлжид хүсэлт илгээсэн бүх аж ахуй нэгжүүдийнхээ бараа бүтээгдэхүүнийг тухайн платформд байршуулж байгаа.
Ерөнхий шаардлага хангасан бараа бүтээгдэхүүний зураг авалт, маркетинг, орчуулга зэргийг үнэ төлбөргүй хийн төрийн үйлчилгээг хүргэж байна. Тиймээс үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид маань айж, эмээлгүйгээр бараа бүтээгдэхүүнээ бидэнд танилцуулаарай. Бидний зүгээс ч үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэдээ зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байгаа.
Тухайлбал, сав баглаа боодол, бичиглэл, өнгө загварыг сайжруулах тал дээр зөвлөлдөн, сайжруулалт хийсний дараа тус платформд оруулах боломжтой.
– Монголд зарагдаж буй үнэ Японы зах зээлд зарагдах үнэ хэр зөрүүтэй байгаа вэ. Аж ахуй нэгжүүдэд ашигтай байж чадах уу?
– Бид жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэдээ хандан нэг л зүйлийг хэлж байгаа. Та бүхэн өөрсдийнхөө үнэ цэнэ, хөдөлмөрөө шингээн бүтээсэн бараа бүтээгдэхүүндээ хамгийн боломжит дээд үнийн дүнг тогтоогоорой. Үйлдвэрлэгчийн тогтоосон үнийн дүнгээс тухайн цахим платформынхон ямар нэг төлбөр, худалдан борлуулсны хувь хэмжээг суутгахгүй.
Харин үйлдвэрлэгчийн тогтоосон үнийн дүн дээр тодорхой хувийн ашгийг л нэмнэ. Тиймээс жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд ямар ч дарамт байхгүй. Тухайн хүн “би бараагаа 100 мянган төгрөгөөр борлуулна” гэхэд уг үнийн дүнгээс ямар нэг төлбөр суутгахгүй гэдгийг л хэлмээр байна.
– 10 сая хүртэлх төгрөгийн буцалтгүй тусламжид хэдэн иргэн, аж ахуй нэгж хамрагдаж байна вэ?
– Олон улсын байгууллагуудтай хамтарч байгаа тул тухайн байгууллагуудын нөхцөл шаардлагын дагуу буцалтгүй тусламжид хамрагдахаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгжүүдийг сургалтад хамруулсан. Сургалтын явцад хүсэлт гаргасан иргэдээс КОВИД-19-ийн нөлөөнд хэрхэн өртсөн, цаашид яг оёдлын чиглэлээрээ дунд болон урт хугацаандаа ажиллах уу, ажлын байр бий болгож чадаж байгаа эсэх, ач холбогдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа юу гэх мэтчилэн олон чиглэлээр үнэлгээ хийсэн.
Ийнхүү хамтарсан багийн үнэлгээ гарсны дараа хоёрдугаар шатны шалгаруулалтыг хийсэн. Тус хамтарсан багийн арав гаруй хүн тухайн иргэн, аж ахуй нэгжийн үйлдвэрлэл эрхэлж буй гэр, ажлын байранд очин уулзалт хийсэн.
Ингэхдээ бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ямар технологи ашиглаж байна, хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна зэрэгт нь үнэлгээ өгсөн. Мэдээж эхний шатны сургалтад хамрагдсаны дараах үр дүнг хэмжин, хэр ахиц дэвшил гарсан байна, яг энэ чиглэлээрээ тууштай ажиллах уу, эсвэл зүгээр л буцалтгүй тусламж авах зорилготой байна уу гэх мэтэд үнэлэлт хийн гурван шатны шалгаруулалтаар тодруулсан.
Хил гаалийн асуудлаас болоод тоног төхөөрөмжөө шууд өгөх боломжгүй байгаа. Хилийн асуудал шийдэгдэн, тоног төхөөрөмж ирэхэд тухайн иргэдэд гардуулан өгнө.
– Сар шинийн баяр бол жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд маш чухал шүү дээ. Энэ үед танай байгууллагаас ямар үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?
– Засгийн газраас Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргасан. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэх хэдий ч ард иргэд маань тодорхой хэмжээний бэлтгэл базаах болов уу. Тиймээс бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид буюу үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг уламжлалт болон цахим үзэсгэлэн худалдаагаар борлуулахаар төлөвлөөд байна.
Мэдээж үзэсгэлэн худалдааг КОВИД-19-ийн нөлөөллөөс шалтгаалан урт хугацаанд зохион байгуулах боломжгүй. Тиймээс богино хугацаанд хэд хэдэн худалдааны төвүүдтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн цахим хэлбэрээр ч зохион байгуулна. Хүн бүр үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнээр баярын ширээгээ засах, бэлэг сэлтээ бэлтгэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
-Танд баярлалаа
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм7 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ