Дэлхий дахинд
УКРАИНЫ САЛАН ТУСГААРЛАГЧИД ОХУ-ААС ЦЭРГИЙН ТУСЛАМЖ ХҮСЭВ
Украины дорнод хэсэгт тусгаар тогтнолоо зарлаад буй салан тусгаарлагчдын удирдлагууд ОХУ-аас цэргийн тусламж хүссэн тухай Кремлийн хэвлэлийн алба өчигдөр мэдээлжээ.
Энэ нь Украинд ОХУ-ын зүгээс халдан довтлох дайны оршил байх өндөр магадлалтай байна. Өрнөдийн орнууд Москвагийн эрх баригчдыг ийм тактик хэрэглэж болзошгүйг өмнө нь анхааруулж байсан билээ.
Мягмар гарагт ОХУ-ын парламент тус улсын ерөнхийлөгч Владимир Путинд гадаад оронд цэрэг илгээх бүрэн эрхийг олгох тогтоол баталсан юм.
Украины засгийн газрын армийн их бууны цохилтод энгийн иргэдийн амь нас хохирч, дэд бүтцийн байгууламжууд сүйрч байгаа тул туслахыг хүссэн утгатай захидлыг салан тусгаарлагчдын удирдлагууд Путинд илгээснийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр мэдээлжээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки үүнийг дайн эхлүүлэх шалтаг гаргах зорилготой урьдаас төлөвлөсөн хуурамч ажиллагаа гэж нэрлэсэн байна.
Өчигдөр Украины парламент тус улсад 30 хоногийн онц байдал зарлах ерөнхийлөгч Володимир Зеленскийн зарлигийг баталжээ.
Пүрэв гарагаас хэрэгжиж эхлэх уг арга хэмжээний хүрээнд хөл хорио тогтоох, шилжилт хөдөлгөөнийг зогсоох, улс төрийн агуулгатай жагсаал цуглааныг хориглох зэрэг эрхийг засгийн газар эдлэх юм.
Украины гадаад хэргийн яамнаас өчигдөр иргэддээ ОХУ руу аялахгүй байх, ОХУ-д байгаа иргэдээ даруй тус улсаас гарч явахыг зөвлөжээ.
Өчигдөр бас Киев хот дахь элчин сайдын яамаа хааж, дипломатчидыг эгүүлэн татах шийдвэрийг ОХУ-ын засгийн газар гаргасан байна.
Донбассын бүс нутагт Украинаас салан тусгаарлаад байгаа Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг ОХУ хүлээн зөвшөөрч, энхийг сахиулах үүрэгтэй цэргийн хүч оруулсны дараа АНУ, Европын Холбоо, Их Британи, Япон, Австрали улсууд Москвагийн эрх баригчдын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүдээ зарлаж эхэлсэн юм.
Эх сурвалж: Associated Press