Эдийн засаг
“1,000 ОРЧИМ БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА Ч ТАТВАР ТӨЛДӨГ НЬ ЦӨӨН”

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 17 дугаар тогтоолоор байгуулсан.
Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нар ажиллаж байна.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өчигдөр (2022.03.01) зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх М.Үнэнбат болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн цагдаагийн газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн эвсэл холбоо” ГҮТББ зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1,000 орчим барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаа явуулж байгаа ч татвар төлдөг нь тун цөөн. Тухайлбал, 2020 оны 02 дугаар сарын байдлаар 294 татвар төлөгчийн 33.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоос 2.5 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны сайтаас үзвэл барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг нэг аж ахуйн нэгж 3-10 орчим өөр төрлийн үйл ажиллагааг давхар эрхлэхээр бүртгүүлсэн байна. Тухайлбал, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанаас гадна амралтын газар, барилга, барилгын материал, газар тариалан, фермер, зуучлал, цайны газар, зочид буудал, дэлгүүр, автомашины худалдаа, сургалт, үсчин, гоо сайхан, спиртийн үйлдвэрлэл зэрэг салбарын үйл ажиллагаа давхар эрхлэх нь түгээмэл байна.
Үүнээс харвал дээрх 294 аж ахуйн нэгжийн зөвхөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанаас олсон орлого, түүнд төлсөн татварыг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Нөгөө талаар олон улсад нийтлэг байдлаар хувь хүн, хуулийн этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхлэх боломжтой байдаг. Харин манай улсад хувь хүмүүс хооронд, эсхүл банк санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд мөнгөн зээлийн үйл ажиллагааг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж болон барьцаагүйгээр эрхлэн явуулдаг. Хэдийгээр Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын хүрээнд энэ нь хориглогдоогүй боловч зарим сөрөг үр дагаврыг бий болгосоор байгаа юм.
Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр 2020 оны наймдугаар сарын 3-ны байдлаар зээлийн гэрээнээс үүдэлтэйгээр гарсан залилангийн хэргийн тоо 2010 оноос 2020 оны эхний долоон сарын хугацаанд 1,700 орчим болж өссөн байна. Үүнээс 2014 оноос энэ төрлийн гэмт хэргийн тоо огцом өсөж, жилд дунджаар 300 орчим гэрээнээс үүдэлтэй залилангийн хэрэг гарч байгааг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Д.Цолмон хуулийн төслийг танилцуулахдаа дурдав.
Дэлхийн улс орнуудын жишигт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа болон иргэд хоорондын мөнгөн зээлийн үйл ажиллагааг бие даасан хуулиар зохицуулдаг байна. Тухайлбал, Малайз, Сингапур, Ирланд, Канад зэрэг улсад дээрх хоёр үйл ажиллагааг (Moneylenders act, Pawnbroker act) ялгамжтай байдлаар хуульчилжээ. Харин Гүрж, Намибиа, Ямайка зэрэг улсад “бага хэмжээний зээл” гэснийг тодорхойлон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн олгож болох зээлийн хэмжээг тогтоосон байдаг байна. Солонгос улсын хувьд тус үйл ажиллагаа эрхлэгчээс олгох зээлийн зээлдэгч нь хувь хүн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч байхаар зохицуулжээ.
Хуулийн төсөл нийт 8 бүлэгтэй бөгөөд хуулийн үйлчлэх хүрээг банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцаа болон хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд үйлчлэхгүй байхаар тусгажээ.
Уг төсөлд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тодорхой шаардлага тавьж, бүртгэл, хяналттай болгох зохицуулалтыг тусгасан. Тодруулбал, нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө, байнга явуулах тохиолдолд хүү авах эрхээ алдаж, холбогдох зөрчлийн хэргийн хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдэх юм. Ингэснээр Иргэний хуульд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд тооцогдон хоног тутам алданги тооцохгүй байх, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тооцох боломжтой байдлаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн өдрийн зээл буюу хүүг урьдчилан авахыг хориглох асуудлыг тусгажээ.
Төсөл батлагдсанаар бичил санхүүгийн хэрэглэгч буюу зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн мөнгөний эргэлт нь тодорхой болж, улсын төсөвт төлөх татвар шударгаар төлөгдөх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн бүртгэлгүйгээр ашгийн төлөө, байнга зээл олгох үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, хуулийн этгээдэд хариуцлага тооцож, хүү авах эрхгүй болсноор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх салбар мэргэжлийн, хариуцлагатай болж, бүртгэлгүй иргэд татвар төлөхгүйгээр, дур зоргоороо хүү, алданги тогтоон ашиг олох үйл ажиллагаа хумигдах ач холбогдолтой гэдгийг төслийн танилцуулгад дурдсан байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид барьцааны хөрөнгийг үнэлэх зах зээлийн үнэлгээг хэрхэн тооцох, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн зөвшөөрлийг олгох хугацааг тогтоох, нэмэгдүүлсэн хүүг тооцох аргачлал зэрэг асуудлыг хөндөж ярилцаж, саналаа солилцлоо.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм7 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ