Эдийн засаг
Татварын нэгдсэн удирдлагын системийг нэвтэрүүлж үйлчилгээгээ иргэдэд ойртууллаа

Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жил болгон зарласан билээ. Энэхүү зорилтыг хангах үүднээс Татварын ерөнхий газар 2017 оны наймдугаар сараас ТАТВАРЫН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ /ТУНС/-ийг хөгжүүлж, 2018 оны арванхоёрдугаар сард УТОХГ, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст туршилтын нэвтрүүлэлт хийсэн бол өнөөдрөөс Монголын татварын нийт албад ТУНС-ийн эхний хэсгийг нэвтрүүлээд байна.
Энэхүү систем нэвтэрснээр Татварын албаны үйл ажиллагаа нээлттэй, ил тод, хүртээмжтэй, хүнд сурталгүй, шуурхай болохоос гадна Татварын албанаас үзүүлж буй төрийн бүхий л үйлчилгээг цахимжуулж, “Цахим засаглалын бодлого”-той уялдуулан боловсруулсан томоохон систем юм. ТУНС нь технологийн хувьд бусад төрийн байгууллагуудын ашиглаж буй системээс ялгарах онцлог нь татварын үйл ажиллагаагаа удирдах боломжтой бөгөөд бизнесийн үйл ажиллагааг боловсруулж, хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлыг Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв Улсын үйлдвэрийн газар Татварын ерөнхий газартай хамтран хариуцан ажиллаж байна.
Энэхүү системийг нэвтрүүлснээр Татварын албаны мэдээлэл боловсруулалтын хурд, чанар сайжирч, статистик мэдээллийг олон үзүүлэлтээр тухай бүр гаргах, төрийн байгууллагатай харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагаа цахимаар хэрэгжүүлэх, татвар хураалт өрийн удирдлагыг хөнгөвчлөх, татварын орлогыг татвар төлөгчийн төлсөн тухай бүр системд бүртгэх, байцаагчдын ажлын бүтээмж, үр дүнг тооцох бүрэн боломжоор хангах зэрэг олон давуу талууд бий болж байгаа юм.
Түүнчлэн татвар төлөгч нь цахим тайлангийн систем буюу www.e-тах.mn сайтаар татвар төлөгчөөр бүртгүүлэх, бүртгэлийн мэдээллээ шинэчлэх, татвар төлөгчийн гэрчилгээг хэвлэн авах, татвар ногдуулалт, төлөлт, татварын үлдэгдлийн мэдээлэл, санал хүсэлт, түүний шийдвэрлэлтийг харах, татварын төрлийн бүртгэл, татварын тайлан болон татвартай холбоотой асуудлаар хүсэлт илгээх, татварын нэхэмжлэлийн дагуу төлбөр тооцооны бүх төрлөөр татвараа төлөх, татварын төлөлт системд тухай бүр бүртгэгдсэнээр лавлагаа тодорхойлолтыг төлөлт хийгдсэн тухай бүрт авах, гар утас, цахим хаяг, цахим тайлангийн системээр хүсэлтийн шийдвэрлэлтийг хүлээн авах боломжтой болж байна.
Татвар төлөгч нь татвараа төлбөр тооцооны бүх хэрэгсэл тухайлбал банкаар, цахимаар, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч компаниудын төлбөрийн системийг ашиглан гүйцэтгэх боломжийг татвар төлөгчид олгож байгаа нь энэхүү системийн бас нэг давуу тал юм. Одоогоор Сангийн яамны Төрийн сангийн газар, Монгол банк, Улаанбаатар хотын банк, Хас, Голомт, Хаан, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч компаниудын Qpay, Smartcar систем нь ТУНС-тэй холбогдон ажиллаж эхлээд байна. Татвар төлөгчийн хувьд ГАР УТАС, ЦАХИМ ХАЯГ, ХАЯГ БАЙРШЛЫН мэдээллээ үнэн зөвөөр цахим тайлангийн систем www.e-тах.mn сайтад бүртгүүлснээр татварын үйлчилгээг цахим хэлбэрээр авах нөхцөл үүснэ.
Цахим тайлангийн системийн ЗААВАР хэсэгт системийн өөрчлөлтийн заавар, гарын авлагыг байрлуулсан бөгөөд энэхүү заавартай танилцахыг татвар төлөгч та бүхэндээ зөвлөж байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.