Дэлхий дахинд
Словакийн баатар болсон хүү
Олон нийтийн сүлжээгээр паспортыг нь хүрмэнд нь нууж, гар дээр нь утасны дугаар бичсэн 11 настай хүү Словакт ирж байгаа зураг нийтлэгдсэн. Бяцхан хүү цор ганцаараа 1160 орчим километр замыг хэрхэн туулж ирснийг төсөөлөхөд ч бэрх. Тэгвэл хүүгийн ээж Украин эмэгтэй хүүгээ Оросын бөмбөгнөөс эсэн мэнд мултарч, хэрхэн Словакт очсон талаар нь The Guardian-ын сэтгүүлчтэй ярилцжээ.
Өнгөрсөн долоо хоногт Оросын армийн дайралтанд өртсөн цөмийн станцын ойролцоох Запорожье хотоос хүүгээ Словакт хүрэх галт тэргэнд суулгасан гэж хүүгийн ээж Юлия Писецкая тайлбарласан байна. Юлиягийн бие нь тааруу, хөгжлийн бэрхшээлтэй ээжийгээ харж үлдэх шаардлагатай байсан учир хүүгээ ганцааранг нь галт тэргэнд суулгаж явуулахаас өөр сонголтгүй болжээ.
Словакийн хилчид гар дээрх утасны дугаараар нь Словакийн нийслэл Братислав дахь хамаатнуудыг нь олж холбож өгчээ. Хүү өдгөө тэднийхээ асрамжид шилжсэн аж. Юлия Писецкая ням гарагт цахим хуудсандаа нийтэлсэн видеондоо “Миний хүүгийн амийг аварсанд маш их талархаж байна” гэдгээ илэрхийлжээ.
Словакийн Дотоод хэргийн яам цахим хуудсаараа дамжуулан “Энэ хүү өөрийн инээмсэглэл, айдасгүй, шийдэмгий байдлаараа хүн бүрийн зүрх сэтгэлийг байлдан дагуулсан БААТАР гэх цолыг хүртэх эрхтэй нэгэн” гээд “Эрх баригчид түүнийг дулаан хонуулж, дараагийн аялалд нь зориулж хоол, ундаагаар хангасан” хэмээн мэдэгдсэн юм. Албаны хүмүүс “Түүний гар дээрх дугаар, ээжийнх нь бичиж явуулсан зурвасын ачаар хамаатнуудтайгаа холбоо барьж, бүх явдал сайхан дууссан” гэдгийг онцолсон байна.
Словакийн Хилийн Цагдаагийн төлөөлөгч Дениса Бардева “Франс Пресс” агентлагт “Хүүгийн ээж Украинд үлдэх ёстой байсан тул Запорожье хотоос ганцаараа ирсэн. Хүүг цагдаа, цэрэг, гаалийн ажилтан, сайн дурынхан, янз бүрийн шашны болон иргэний байгууллага гээд олон хүн асардаг байсан” талаар дурджээ.
Украины цахилгаан эрчим хүчний 20 орчим хувийг үйлдвэрлэдэг Европын хамгийн том атомын цахилгаан станц болох Запорожье руу Оросын цэргүүд баасан гарагийн үүрээр дайрч, хяналтандаа авсан. Украин улсаас хоёр сая гаруй иргэн нь хөрш Словак, Молдав зэрэг орнууд руу дүрвэн гарсан гэсэн тоо бий. Уг тоо дайны нөхцөл байдлаас шалтгаалан өсөх хандлагатай байгаа аж.