Эдийн засаг
Д.ҮҮРИЙНТУЯА: “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР 2031 ОН ХҮРТЭЛ ТОМООХОН 22 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-аас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Аж үйлдвэрийн сэргэлт”-ийг эрчимжүүлэхээр ярилцаж байна. Энэ форумын үр дүнг хэрхэн харж байна вэ?
-УИХ-аас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан. Энэ бодлогыг хэрэгжүүлэх ажлыг холбогдох төр захиргааны байгууллагууд, яамдууд бодлогоо тодорхойлоод хэрэгжүүлж эхлээд байна. Бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хамгийн эхэнд хийх ажил нь аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх явдал гэж харж байгаа. Ийм учраас “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-аас санаачилж аж үйлдвэрийн салбарт “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцлаа. “Шинэ Сэргэлтийн бодлого”-д оролцож буй төр, хувийн хэвшлийн байгууллагууд хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчныг шинэчилж сайжруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэг зорилгоо тодорхойлж бодлогын нэгдмэл байр суурь нэгдсэн ойлголтод хүрч чадна гэж найдаж байна.
-“Эрдэнэт” үйлдвэр цаашдын хөгжлөө хэрхэн тодорхойлж байна. Аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогод хэрхэн оролцох вэ?
-“Эрдэнэт” үйлдвэр хөгжлийн үндсэн зорилгоо 2017 онд тодорхойлж гаргасан . Мөн 2019 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ”Эрдэнэт” үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан юм. Үүнийг Засгийн газрын 224 тоот тогтоолоор дэмжсэн. Энэ хүрээнд “Эрдэнэт” үйлдвэр хөгжлийнхөө бодлогыг тав, таван жилээр төлөвлөөд явж байгаа. Эхний таван жилийн үр дүн өнгөрсөн онд гарсан. Одоо хоёр дахь таван жилийнхээ ажлыг боловсруулаад батлуулж байна. Энэ хүрээнд бид 22 томоохон төслийг хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар буюу эхний таван жилд 10 том төслийн хөрөнгө оруулалт хийгдээд бүтээн байгуулалтын ажил нь үргэлжилж байгаа. “Эрдэнэт” үйлдвэр 2031 он хүртэл энэ 22 төслийг хэрэгжүүлэхэд нийтдээ найман их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Үүнээс 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2017-2021 онд хийгээд байна. Тэгэхээр “Аж үйлдвэрийг сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндэс суурь, бэлтгэлийг “Эрдэнэт” үйлдвэр хангаад явж байгаа гэж ойлгож болно.
-Тэгэхээр энэ төслүүдийн хөрөнгө оруулалтыг хэрхэн босгож байгаа вэ?
-Нийт хөрөнгө оруулалтын 30 орчим хувийг стратегийн хөрөнгө оруулагчаас татахаар төлөвлөсөн. “Эрдэнэт” үйлдвэр 50 орчим хувийг нь өөрийн нөөц бололцоогоор, үлдсэн хөрөнгө оруулалтыг зээлийн эх үүсвэрээр шийдэх боломжтой.
-“Эрдэнэт” үйлдвэрийн төсөвт оруулах орлого нэмэгдсэн. Энэ талаар тодруулж өгөхгүй юу?
-Тэгэлгүй яахав. “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа жилээс жилд сайжирч байгааг олон үзүүлэлтээс харж болно. Төрийн өмчит үйлдвэрийн газар болж ажилласан 2019 оноос хойш хугацааны эдийн засгийн үзүүлэлтүүдийг харвал түүхэн рекорд амжилтууд тогтоож ирсэн. Улс, орон нутгийн төсөвт 2016 онд 184 орчим тэрбум төгрөг төвлөрүүлж байсан юм. Тэгвэл 2020 онд нэг их наяд төгрөг давсан орлого төвлөрүүлсэн. Өнгөрсөн онд 1.2 их наяд төгрөгийн орлого орууллаа. Өнгөрсөн оны хувьд их онцлогтой. Монгол Улсын Засгийн газраас “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж нийт аж ахуй нэгжүүд болон ард иргэдийнхээ цахилгаан, дулаан, ус бүр хог хаягдлын зардлыг хүртэл төр хариуцахаар шийдвэрлэсэн. Тэгээд энэ төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэр санхүүжүүлэх үүрэг даалгавар авсан. Үүнд 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн. Энэ ачаалалыг үүрлээ гээд “Эрдэнэт” үйлдвэр ямар нэгэн байдлаар татварын орлогыг хойш татаагүй. Харин ч нэмэгдүүлсэн. Төлөвлөгөөт хөрөнгө оруулалтууд гацсан, зогссон асуудал гараагүй. Бүрэн хийгээд явж байгаа.
-“Эрдэнэт” үйлдвэр цаашид найдвартай ажиллахын тулд хүдрийн нөөц тогтоох хайгуулын ажил хэрхэн хийж байгаа вэ?
-Саяхан” Эрдэнэт” үйлдвэр 40 жил ажиллаад нөөц нь дуусна гэж яригдаж байсан. Тэгвэл сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бид 30 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтаар геологи, хайгуулын ажил хийлээ. Үүний үр дүнд манай уурхайчид, геологичид “Эрдэнэт” үйлдвэрийг дахиад 60-70 жил ажиллах нөөц тогтоож чадлаа. Ингээд 2.9 тэрбум тонн хүдрийн нөөцийг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Үүнийг олон улсын Жорк стандартаар тооцсон. “Эрдэнэт” үйлдвэр цаашдаа олон жил ажиллах баталгаатай болсон энэ үед бид урт хугацааны тогтвортой бодлогоо үе шаттай хэрэгжүүлж ажиллахыг зорьж байна.
-Уул уурхайн компаниуд хаалт, хөгжлийн менежмент гэж гаргадаг. “Эрдэнэт” үйлдвэр энэ тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?
-Уул уурхайн салбарын бас нэг онцлог яах ч аргагүй хаалт хөгжлийн менежментийн асуудлыг ярих ёстой байдаг. Тэр нь бол хаалт хийхээс тодорхой хугацааны өмнө хийдэг стандартууд байдаг. Бидний нөөц баялаг нэмэгдэж байгаа учраас ямар ч байсан ойрын жилүүдэд яригдахааргүй асуудал болж байна. Цаашдаа бид “Эрдэнэт” үйлдвэрийнхээ нөөц баялгийг нэмэгдүүлэх өөр ордууд дээр ямар боломжууд байна гэдэг эрэл хайгуулыг эрчимжүүлнэ. Энэ ажил 2031 он хүртэл үргэлжилнэ.
-“Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэж “Үйлдвэр технологийн парк” байгуулна гэж байгаа. Энэ талаар та тодруулж өгнө үү?
-Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрт “Үйлдвэр технологийн парк”-ийн тусгай зөвшөөрөл олгосон. Энэ хүрээнд бид “Үйлдвэр технологийн парк”-ийн дэд бүтцийг байгуулах ажлыг эхлүүлсэн. Одоо тендер зарлаад гүйцэтгэгч нь шалгарчихсан дэд бүтцийн ажлын техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил хийгдээд явж байна. Энэ “Үйлдвэр технологийн парк”-ийн хүрээнд хэд хэдэн том төсөл хэрэгжих ёстой. Хамгийн том төслүүдийн нэг нь Катодын зэс хайлуулах төсөл юм. Монгол Улсад хими металлургийн үйлдвэр анхны үйлдвэр болно. Төслийн ажил төлөвлөгөөний дагуу явж байна.
-Зэсийн үнэ өнгөрсөн оноос хойш өсөлттэй байна. Цаашид үнэ ханш ямар байх төлөв байгаа бол?
-Өнгөрсөн оны хувьд зэсийн үнэ бидний төлөвлөснөөс харьцангуй өндөр байлаа. Энэ нь бидний хувьд төлөвлөсөн зорилгуудаа хэрэгжүүлэх боломжийг хангасан. “Эрдэнэт” үйлдвэрийг их ачаалал дааж ажиллаж байгааг зэсийн үнэ өссөнтэй холбож тайлбарладаг. Нэг талаас ингэж холбох нь зөв. Нөгөө талаас зэсийн үнийн өсөлтийн 100 ам.доллар тутмын 50 ам.доллар нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой татвар хураамжийн татварт явдаг. Мөн зэсийн үнэ өссөнтэй холбоотой бусад ашигт малтмалын болон төмрийн үнэ өсдөг. Үүнээс шалтгаалаад “ Эрдэнэт” үйлдвэрийн технологид ашиглаж буй түүхийн эдийн үнийн өсөлт нөлөөлдөг. Үндсэндээ бидэнд 45 хувь нь ашиг болж үлдэж байгаа. Үүнээс Засгийн газрын 207-р тогтоолоор төлөх ёстой цахилгаан, дулааны төлбөрийн 45 орчим хувийг зэсийн үнийн өсөлтөөс төлж барагдуулсан. Үлдсэн мөнгийг нь “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнгээс гарсан гэж ойлгож болно.
-АМНАТ-ын талаар яриандаа дурдлаа. Уул уурхайн компаниуд АМНАТ хэт өндөр байна гэдэг. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрт хэрхэн нөлөөлж байгаа вэ?
-Бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаарж АМНАТ-ийг тогтоодог шүү дээ. “Эрдэнэт” үйлдвэр бол “Оюу толгой”-гоос өөр зарчмаар явдаг. Одоо мөрдөж байгаа хуулиар үнэ хэрхэн өссөнөөс хамаараад шаталсан хувь хэмжээгээр АМНАТ тогтоодог. “Эрдэнэт” үйлдвэр хамгийн өндөр түвшинээр төлөөд явж байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм4 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм1 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент2 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ