Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийж байна.
Тэрбээр, Монголбанк банкуудад доллар нийлүүлж байгаа. Нэгдүгээр сараас хойш 1.5 тэрбум доллар нийлүүлсэн. Зөрүүлж 500-гаад сая доллар л худалдаж авсан. Төвбанк доллар хэвлэдэггүй. Эрдэнэт, Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Монголросцветмет нэгдэл зэрэг экспортлогчид болон гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагуудаас долларын эх үүсвэрийг бүрдүүлдэг. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрээс 258 сая доллар, Оюутолгой компаниас 194 сая доллар, Эрдэнэс Тавантолгой компаниас 23 сая доллар худалдаж авсан. Нийт 500 сая доллар л бүрдүүллээ.
Бид өнөөдөр зарснаасаа бага доллар худалдаж аваад байна. Нөөцөө арвижуулъя гэвэл бид экспортыг л нэмэгдүүлэх ёстой. Өнөөдөр бидэнд хоёр л сонголт байна. Нэгдүгээрт, Валютын нөөцөө бариад эдийн засгийн тогтвортой байдлыг хангах. Хоёрдугаарт, Ханшийг зах зээлийн жамаар нь сулруулах сонголт байна.
Өнөөгийн түвэгтэй байдал урт хугацаанд үргэлжлэхгүй гэж харж байна. Орос, Украины мөргөлдөөн хэвийн байдалд шилжиж, хилийн хорио тавигдвал хэвийн байдалд шилжинэ гэж харж байна. Эсрэгээрээ энэ байдал удаан үргэлжилбэл бидэнд нөөц төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ.
Өмнө нь арилжааны банкуудад валютын урсгалын мэдээллийг сард нэг удаа хянаж байсан бол одоо 50 мянган доллараас дээш дүнтэй бүх гүйлгээг Монголбанк өдөр бүр хянаж байна.
Гадаадаас худалдаж авдаг тэвчиж болох тансаг хэрэглээний зардлыг танах саналаа УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Засгийн газраас нэн шаардлагатай стратегийн бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаад өгвөл Монголбанкнаас төлбөр тооцооны зохицуулалт хийх гарц байна.
Монгол Улс хэрэглээний сагсан дахь 340 бүтээгдэхүүний 50 хувийг гаднаас авч байна. Энэ сагсанд орохгүй байгаа бүтээгдэхүүнийг түр зуур тэвчиж болох юм. Жишээлбэл, тансаг хэрэглээний өндөр үнэтэй автомашинуудыг авахад 500 гаруй сая доллар зарцуулсан байх жишээтэй. Энэ мэт зардлыг тодорхой хугацаанд танах талаар судалж байгаа. Энэ мэт саналыг салбарын яамдаараа дамжуулан мэргэжлийн байгууллагууд нь тодорхойлж, гадаадаас худалдан авах шаардлагатай бүтээгдэхүүний эрэмбэ дарааллыг тогтоох нь зүйтэй юм.