Нийгэм
Ц.Ариунболд: Мөрдөн байцаалт явуулсан 7 хэргээс 2 хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан гуравдугаар сарын 22-нд Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн талаар шаардлага тавьж буй сэтгүүлчдийн төлөөллийг хүлээн авч, уулзах үеэр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд Хөгжлийн Банктай холбоотой хэргүүдийн талаар сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.
Хөгжлийн Банкны эрх бүхий албан тушаалтан холбогдсон хэрэг бүртгэлтийн 33 хэрэг, мөрдөн байцаалтын 7 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Мөрдөн байцаалт явуулсан 7 хэргээс 2 хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн. Тухайлбал:
Н.Мөнхбат нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг шүүх хэлэлцээд Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Мөнхбатыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ялаас чөлөөлсөн бол “НВЦ” ХХК-ийн нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд прокурорт буцаасан.
Монгол Улсын Хөгжлийн Банктай холбоотой хэргүүдэд Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны даргаар ахлуулсан 11 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн нийт 5 прокурор хяналт тавин ажиллаж байна.
Одоо хэрэг бүртгэлтийн 29, мөрдөн байцаалтын 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын дээрх 41 хэрэгт нийт 74 аж ахуйн нэгжид нийт 2,383,007,436,094 /хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум/ төгрөгийн зээл олгосон болон зээлийн зарцуулалттай холбоотой үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Үүнээс 12 хэрэгт Хөгжлийн Банкны эрх бүхий албан тушаалтнууд болох 14, зээл авсан аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтан 8, нийт 22 хүнд холбогдуулан Эрүүгийн хуульд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “Хахууль авах”, “Хахууль өгөх”, “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр Монгол улсын Хөгжлийн Банкны 7 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 4 албан тушаалтанд тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн бөгөөд шүүхээс 11 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт шалгагдаж байгаа аж ахуйн нэгжид учирсан хохирлоос одоогоор 107,360,311,183 /нэг зуун долоон тэрбум гурван зуун жаран сая/ төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж буй 41 хэрэгт гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 47 аж ахуйн нэгж, 61 иргэний 664 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 763 ширхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 харилцах болон хадгаламжийн данс, 25 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг тус тус прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан.

Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм4 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм2 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм1 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ