Нийгэм
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЗАВОДЫН ЗОХИОН БҮТЭЭГЧИД УЛСЫН ОЛИМПИАДАД ОРОЛЦОНО

Засвар механикийн завод зохион бүтээгч инженерүүдийнхээ дунд “МОНГОЛ ИНЖЕНЕР 2022” CAD/CAE/CAM-ийн Улсын олимпиадын оролцогчдыг тодруулах уралдааныг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Уралдаанд найман инженер оролцов. Тэд гурван цагийн дотор, бага оврын 0,7 кг жинтэй зөөврийн тиски зохиомжлон, гурван хэмжээст болон ажлын зураг гаргах, инженерийн тооцоолол хийх даалгавар гүйцэтгэжээ. Уралдааны дүн гарахад Инженер зохион бүтээгч Г.Энхбат түрүүлж, инженер технологич Е.Жүзжасар дэд, инженер зохион бүтээгч А.Лхагваа гутгаар байр эзэлж, Улсын олимпиадад оролцох эрх гардлаа. Энэхүү уралдааныг CAD/CAE/CAM-ийн Улсын олимпиадын олон удаагийн аварга, тус заводын инженер зохион бүтээгч Б.Данаажав, Зохион бүтээх технологийн албаны дарга Ц.Чулуун-Эрдэнэ нар шүүн явууллаа.
Уралдааныг нээж Заводын дарга Б.Баасансүрэн хэлсэн үгэндээ: “Зохион бүтээгч инженер бол Засвар механикийн заводын “тархи толгой”. Зохион бүтээгчээс гарсан бүтээл Технологийн дамжлагуудыг дамжиж эцсийн бүтээгдэхүүн болохдоо инженерүүдийн зурагтай яв цав таарч байх ёстой. Эцсийн бүтээгдэхүүний чанар та бүхнээс ихээхэн хамааралтай” гэж онцлов.
Инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, инженерийн төсөл, тооцоонд CAD/CAE/CAM систем, механикийн онолын болон тооцооны загварчлалыг мэргэжлийн түвшинд өргөн хүрээнд хэрэглэх ур чадвартай шилдэг инженер, оюутныг шалгаруулах зорилготой Улсын олимпиад энэ сарын 22-24-нд болох бөгөөд Б.Данаажав, Ц.Чулуун-Эрдэнэ нар урилгаар шүүх аж.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.