Нийгэм
ӨР, СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД ХОЁР БИЕ, БИЕНИЙХЭЭ ШАЛТГААН БОЛДОГ

ДЭМБ, СЭМҮТ “Монголд гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай” гэсэн судалгааг хэдэн жилийн өмнө танилцуулж байв. Тухайн үед хэвлэлүүд “Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна” гэлцэн шуугицгааж байлаа. Мэдээж дээрх судалгаа худлаа байсан гэж бодохгүй байна. Үнэндээ бол өдгөө энд яригдаж буй сэтгэцийн асуудал улам хүнд нөхцөлд хүрсэн гэдгийг баттай хэлчихье. Яагаад гэж үү. “Монголд үнэхээр сэтгэцийн асуудал хавтгай байгаа юм байна шүү.
Үүсгэж байгаа олон шалтгааны нэг нь өр, зээл юм” гэдгийг мэргэжлийн сэтгэлзүйч нар онцолж байна. Хамгийн гол нь монголчуудын амь зууж буй ахуй байдал үүний том баталгаа юм. Өдгөө Монголоос өргүй, зээлгүй хүн хайгаад үз. Тун ховор доо. Тэгвэл өрийн улмаас илэрдэг сэтгэцийн хамгийн хурц илрэл нь амиа хорлолт. Өр, зээлээ төлж дийлээгүйн улмаас амиа хорлосон тохиолдол байнга гарах боллоо. Баримт түшье.
2022 оны дөрөвдүгээр сар
Налайх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 36 настай эмэгтэй өөрийгөө боомилж амь насаа хохироосон хэрэг гарав. Тухайн эмэгтэй нас барахаасаа өмнө үлдээсэн гэрээслэлдээ “Хаан банканд 20 сая төгрөгийн зээлийн өртэй, зээлийг хамтдаа төлдөг байсан төрсөн ах, дүү хоёр нас барсан. Үлдсэн ганц дүү нь сэтгэцийн өөрчлөлттэй. Тийм учраас цаашид амьдрах хүсэл алга” гэсэн утгатай зүйлийг гар утсандаа бичлэгээр үлдээгээд амь насаа хохироосон байжээ.
2022 оны хоёрдугаар сар
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд амьдардаг 31 настай эрэгтэй амиа хорлосон байдалтай нас барсан хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдав. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач залуу нэгэн компанид найман сая төгрөгийн өртэй байсан гэх. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас өрөө барагдуулахыг шаардаж, улмаар байрыг нь хурааж авна гэсэн мэдэгдэл хүргүүлсэн талаар мэдээллийн эх сурвалжид дурдсан байдаг. Харин ийм мэдэгдэл хүлээж авсан залуу сэтгэлзүйн шоконд орж, амиа хорлосон байхыг үгүйсгэхгүй ажээ.
2021 оны наймдугаар сар
Өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зочид буудалд өөрсдийгөө боомилж нас барсан хэрэг гарав. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад тэд нийт 120 гаруй сая төгрөгийн өрөнд орсон байжээ. Үүнийхээ улмаас хэд, хэдэн удаа амиа хорлохыг завдаж байсан ч гэх. Эцэст нь Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах нэгэн зочид буудлын ариун цэврийн өрөөнд өөрсдийнхөө амийг егүүтгэсэн байдаг. Хамгийн харамсалтай нь тэд бага насны гурван хүүхэдтэй байв.
2020 оны 12 дугаар сар
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны хороололд өндрөөс үсэрч, амиа хорлосон хэрэг гарав. Тодруулбал тус дүүргийн 20 дугаар хороонд байрлах орон сууцны хотхоны наймдугаар давхраас 50 настай эмэгтэй унаж, нас барсан байжээ. Хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгасан байдаг. Шалгалтаар талийгаач эмэгтэй их хэмжээний өрөнд орсон байсан нь ийнхүү амиа хорлох шалтгаан болсон гэж үзжээ.
ӨР, СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД ХОЁР БИЕ, БИЕНИЙХЭЭ ШАЛТГААН БОЛДОГ
Өрнөөс үүдэлтэй амиа егүүтгэсэн харамсалтай жишээнүүдийг дурдаад байвал дуусахгүй нь. Өр нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсгэдэгээс гадна, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь өр тавихад хүргэдэг аж. Өөрөөр хэлбэл, өр, сэтгэцийн эрүүл мэнд хоёр нь бие, биеийнхээ шалтгаан болдгийг шинжлэх ухаанч судалгаагаар нэгэнт тогтоожээ. Тэгвэл монголчууд өнөөдөр өрөнд баригдаж, өтөндөө идэгдчихээд байна.
Зээлээс, зээлийн хооронд өрнөөс өрийн барьцаанд аж төрж байгаа нь үнэн. Иргэдэд тулгарч буй сэтгэцийн дарамт ямар хэмжээнд байгаа вэ гэдгийг чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн дүн мэдээнээс бэлхнээ харж болно.
Тодруулбал, өнгөрсөн оны байдлаар банкны салбараас олгосон нийт зээлийн ес орчим хувь буюу 1.8 орчим их наяд төгрөг нь чанаргүй ангилалд багтжээ. Өөрөөр хэлбэл, зээлдэгчдийн багагүй хувь нь өрөөс үүдэлтэй сэтгэлийн дарамтад байна гэсэн үг. Банкны зээлээс гадна өдрийн зээл гэгч бий. Хамгийн их дарамттай зээл гэж болох уг зээлийг жижиглэн худалдаа эрхлэгчид бараг бүгдээрээ авсан байна.
Энэ талаар худалдаа эрхлэгч бүсгүйчүүд бухимдан ярьж, мартын наймнаар талбай дээр нүцгэн жагсаал хийж байсныг харсан биз ээ. Хахир хаврын хүйтэнд ямар өөдтэйдөө тэд ингэж шалдлах вэ дээ. Аргаа барсан болохоороо л бүсгүйчүүд бөөгнөрч, төв талбай дээр нүцгэлсэн байж таараа.
Өдрийн зээлнээс болж амиа хорлосон тохиолдол ч нэг бус гарсан. Цаад утгаараа жижиглэн худалдаа эрхлэгчид бүгд амиа хорлох эрсдэлтэй гэсэн санааг энд цухуйлгахад гэмгүй. Өрнөөс үүдэлтэй амиа хорлолт газар авсныг түргэн тусламжийнхан хүртэл онцлож байна. Тус төвийн эмчийн учирласнаар энэ төрлийн дуудлагад өдөртөө 2-3 явдаг байсан бол сүүлийн үед ихсээд 4-5 болсон гэнэ.
Гадаадын оронд өвчиндөө шаналсан өтөл насны хүмүүс л амиа хорлох замыг сонгодог бол Монголд өрөндөө баригдсан идэр насныхан үхлийн замыг сонгодог болжээ. Туйлын харамсалтай. Үүнийг хувь хүний хариуцлага, ухамсартай холбож тайлбарлахаас илүү нийгэмд бугшсан хөндөх сэдэв, хүн, амын дунд нүүрлэсэн аюул гэж харах цаг нэгэнт болжээ. Үгүй бол өнөөдөр өрнөөс үүдэлтэй үхлийн шалтгаанууд монголчуудыг сүүдэр мэт дагах боллоо.

Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Нийгэм
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 54 суманд аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 153 нь объектын гал түймэр, 14 нь ой хээрийн гал түймэр, 5 нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм1 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент1 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент24 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад22 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна
-
Нийгэм17 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ