Нийгэм
“Ангиа андуурсан” Монгол Улс нунтаг төмөрлөгөөрөө дэлхийтэй өрсөлдөнө

М.Даваадулам
Монгол Улсад анхдагч төдийгүй Азид эхний тавд тооцогдох нунтаг төмөрлөгийн үйлдвэр нээлтээ хийлээ. Тодруулбал, “Талын метал нунтаг” ХХК-ийн болон Монголын инженер, техникийн ажилтнууд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж зөвхөн хөгжингүй орнуудад л байдаг төмөрлөгийн үйлдвэрийг хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулж байгаа нь үнэхээр бахархмаар сайхан үйл явдал боллоо.
Металлургийн үйлдвэр гэхээр тоос шороо, уур манан татсан, дуу чимээ нүргэлсэн асар том байгууламж төсөөлсөөр очтол гял цал болсон авсаархан үйлдвэр байх аж. Уг үйлдвэр нь орчин үеийн шинэ технологиор инновацид суурилсан үйлдвэрлэл явуулж дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын эдийн засагт нэмүү үнэ цэн бий болгохыг зорин ажиллаж байгаа юм байна. Нээлтэд ирсэн зочдод тус үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Б.Асхар үйлдвэрийнхээ танилцуулгыг товч хүргэхийн зэрэгцээ “ Уг үйлдвэрийн бүтээн байгуулалтад дотоодын 50, гадаадын 15 туслан гүйцэтгэгч компанитай хамтран ажилласан.
Жилд 3000 тонн нунтаг төмөрлөг боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр нь зэс, гууль, хүрэл, цагаан тугалга болон бүх төрлийн төмөрлөгийг нунтаглан боловсруулж, БНХАУ, Европын холбоо, Япон, БНСУ зэрэг оронд экспортлох юм.
Түүгээр үл барам эх орондоо автомашины эд анги, тоног төхөөрөмж, электрон хэрэгслийн “ухаалаг” үйлдвэрлэл хөгжих боломжтой бөгөөд мөн дотоодын зэсийн хаягдлыг дахин боловсруулна. Үйлдвэрлэлийн технологи нь хэрэглэсэн усныхаа 90 хувийг цэвэршүүлж, дахин ашиглана. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 1.6 тэрбум гаруй төгрөгийн татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлээд байгаа бол, үйлдвэрлэл эхэлснээс хойш жил нэг тэрбум төгрөгийг татвар хураамжид төлнө” хэмээн онцолсон. Үндэсний хөрөнгө оруулагч “Степпкупер” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлсэн нунтаг төмөрлөгийн үйлдвэрийн энэхүү төсөлд олон улсын санхүүгийн байгууллага болох “International Investment Bank” зээл олгосон байна.
Тус банкнаас нээлтийн үйл ажиллагаанд ирүүлсэн мэндчилгээндээ “Талын Нунтаг Метал компани нь орчин үеийн өндөр технологийн үйлдвэрээ богино хугацаанд ашиглалтад оруулснаар нунтаг төмөрлөгийн үйлдвэрлэлээр улс орныхоо аж үйлдвэр, экспортын чадавхыг өндөр түвшинд хүргэх боломжтой болж байна. Түүнчлэн байгаль орчин, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангасан, олон улсын өндөр стандарт бүхий тус төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн дэвшилд нэн шаардлагатай хэд хэдэн зорилтыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна” гэжээ.
Мөн үйлдвэрийн дэргэдэх төв оффист бүх төрлийн нунтаг металд физик, химийн иж бүрэн шинжилгээ хийж гүйцэтгэх Монголын анхны лабораторийг байгуулжээ. Лабораторийн шинжилгээний орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг ХБНГУ болон АНУ-аас худалдан авч, суурилуулсан гэнэ. Тус лаборатори нь цаашид үйлдвэрийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтээс гадна автомашины жижиг эд ангийг бага хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой.
П.Цагаан: Монгол Улсын инженер техникийн ажилтнууд дэлхийтэй мөр зэрэгцэн алхаж байна
Үйл ажиллагааг нээж “Талын метал нунтаг” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан “Манай хамт олон аж үйлдвэрийн IY хувьсгалын үеийн чухал түүхий эд болох нунтаг төмөрлөгийн үйлдвэрийн анхны суурийг тавьж байгаадаа баяртай байна. Байгалийн баялагтай улс үйлдвэртэй байх ёстой. Эс бөгөөс түүхий эдийн хавсарга хэвээр үлдэнэ гэдгийг харуулахыг бид зорьж байна.
Хэдэн жилийн өмнө нунтаг төмөрлөгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн их хуралд оролцоход монголчуудыг “Ангиа андуурсан хүүхэд” шиг харж байж билээ. Монгол Улсын инженер, техникийн ажилтнууд ИБУИНВУ, ХБНГУ-ын мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, өндөр технологийн нунтаг төмөрлөгийн үйлдвэр барьж чадсанд дахин талархал илэрхийлье” гэв.
С.Амарсайхан: Өнөөдөр бол түүхэн өдөр
Харин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр үеийн хамгийн чухал түүхий эд болсон нунтаг төмөрлөгийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан та бүхнээр үнэхээр бахархаж байна. Цар тахал, олон улсын хурцадмал байдал нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.
Энэ цаг үед Засгийн газрын үйлдвэржилтийн бодлогыг бодитоор дэмжиж нэмүү өртөг шингэсэн эдийн засагт өндөр ач холбогдолтой үйлдвэр барьсан нь бодит дэмжлэг болно. Өнөөдөр бол түүхэн өдөр. Учир нь Монгол Улс төмөрлөгийн боловсруулалтыг шинэ шатанд гаргаж, экспортод чиглэсэн олон улсын түвшинд өрсөлдөх гэж байна“ гэдгийг онцлов.
Г.Ёндон: Улс орны эдийн засагт нэмүү өртөг шингээх төмөрлөгийн үйлдвэр чухал ач холбогдолтой
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Цаашдаа импортыг орлох экспортын чиг хандлагатай үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд салбарын хөгжлийг түргэтгэх, байгаль орчинд сөрөг нөлөө багатай тэргүүний технологи нэвтрүүлэхэд онцгой анхаарна.
Эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд ажиллаж байна. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг өндөр түвшинд хүргэхэд боловсруулах үйлдвэрийн салбар тэр дундаа нэмүү өртөг шингээх төмөрлөгийн үйлдвэр чухал ач холбогдолтой. Тиймээс баялагтаа эзэн монгол байх, байгалийн баялгийг иргэн бүрт хүргэх, олборлолтоос боловсруулалтын шатанд шилжих зорилтыг тавьж ажиллаж байна” гэлээ.
Тус үйлдвэр нь зөвхөн зэсийн нунтаг бус цаашид ган, мөнгө, төмөр, никель, хром зэрэг бүх төрлийн металлын нунтаг гаргах боломжтойг гэдгийг сонсоод эх орны хөгжилд шинэ эриний эхлэл тавигдаж байна гэдэг сайхан сэтгэгдэл тээн үйдпвэрээс гарлаа. Одоогоор бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар БНХАУ-тай хэлэлцээр хийж буй бөгөөд Япон, Их британи, БНСУ- д нийлүүлэхээр бүтээгдэхүүнийхээ дээжийг илгээгээд байгаа аж. Дэлхийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлсэн ийм нэг үйлдвэр нээлтээ хийсэн тухай мэдээллийг уншигч танд хүргэж байна. Хөгжингүй орнуудаас бид, Монгол Улс юугаараа дутах юм гэх хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн залуучууд дэлхийтэй өрсөлдөхөөр гарааны зурхайгаас хөдөллөө. Тэдэнд амжилт хүсье.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.