Нийгэм
Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах захирамж гарна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн тайлан болон тусгайлан өгсөн үүргийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.
Ажлын хэсгийн зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх тооцоо, судалгаа хийж, авах арга хэмжээний санал боловсруулах юм.
Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийг хүртээмжтэй болгохын тулд 124 чиглэлд 1432 автобус явуулах буюу чиглэлийн тоог 23, автобусны тоог 447-гоор нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн цаашид ямар автобусыг үйлчилгээнд нэвтрүүлбэл ашигтай вэ гэдгийг судалжээ. Цахилгаан автобус анхны хөрөнгө оруулалт өндөр боловч удаан хугацаандаа ашигтай гарсан байна.
Өдгөө нийтийн тээвэрт бүртгэлтэй байгаа 1240 автобусны 75 хувь нь 10-аас дээш жил болсон бол 18 хувь нь 7-9 жил болжээ. Харин таван хувь нь 4-6 жил, 0.7 хувь нь 1-3 жилийн насжилттай байна. 2009 онд хуучин 400 автобусыг оруулж ирснээс хойш томоохон парк шинэчлэл хийгээгүй. Энэ жил 500 гаруй автобус жагсаалтаас гарахаар байгаа бөгөөд шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс энэ онд цахилгаан хөдөлгүүртэй 150, дизель хөдөлгүүртэй 441, нийт 591 автобус авч, парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар 60-ыг худалдан авсан боловч хил дээр саатаад байгаа.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор такси тээврийн үйлчилгээг хөгжүүлж, менежментийг сайжруулах болон гадаад, дотоодын санхүүгийн эх үүсвэрээр нийтийн тээврийн автобусны паркийг шинэчлэх асуудлыг Засгийн газар, НИТХ-д танилцуулахаар боллоо.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн худалдан авах ажиллагааг наймдугаар сарын 25-ны дотор багтаан, холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, Засгийн газар, холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг үүрэг болгов. Нийтийн тээврийн шинэчлэлээр орж ирэх цахилгаан болон дизель хөдөлгүүртэй автобусын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналыг боловсруулж, 14 хоногийн дотор Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг даалгалаа.
Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах захирамж гарна
Мөн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр “Автобусны чиглэлийг богиносгох, бүсчилж богино эргэлттэй болгох шаардлагатай байна. Мөн Хотын стандартад туссан жолооч нарын үйлчилгээ, соёлыг сайжруулж, сургалт зохион байгуулах, дүрэмт хувцастай болгох хэрэгтэй. Түүнчлэн камерийн хяналтын нэгдсэн системийг хөгжүүлнэ. Бүх автобус камертай ч онлайнд холбогддоггүй. Ингэснээр жолооч үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцаж байгаа, бэлэн мөнгө авч байгаа эсэх, тамхи татаж байгаа зэргийг хянах боломжтойгоос гадна төлбөр шалгагч ажиллах шаардлагагүй болно. Богино эргэлт хийснээр чиглэлийн урт 25 хувиар богиносож, давхцал 30 хувиар буурч, автобус хүлээх хугацаа 5-8 минут болно” гэв.
Түүнчлэн нийтийн тээрийн орлого буурахад төлбөрийн олон сонголтгүй, бэлэн мөнгөөр төлбөр авдаггүй болсон зэрэг нь нөлөөлж, нийслэлийн төсөвт орох орлогын 22-25 хувь нь жолоочийн халаасанд ордог гэсэн судалгаа гарчээ. Жолооч нарт бэлэн мөнгө өгдөг зөрчил өдөрт гарч байгаа зөрчлийн 49 хувийг эзэлж байна. Мөн автобусны буудлаа шинэчлэх шаардлага бий болсон.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай саналыг зарчмын хувьд дэмжиж, редакцын засвартайгаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарахаар болов.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.