Нийгэм
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын овоолсон зэсийн хүдэрт эрх зүйн зохицуулалт хийнэ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр батлагдсан нэмэлт, өөрчлөлтөөр Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “…стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж тодотгон заасан. Энэ өөрчлөлтийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дараа ашиглахаар овоолсон зэсийн хүдрийг хаягдал мэтээр тайлбарлаж хууль журамгүй, сонгон шалгаруулалтгүй, албан тушаалтны үзэмжээр олгодог явдал хавтгайрах болсон учир эрх зүйн зохицуулалт хийх нэн шаардлагатай байна гэлээ. Тиймээс хүдрийн овоолго ашиглан катодын цэвэр зэс үйлдвэрлэх хуулийн этгээдийг УИХ-ын тогтоолоор хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр байгуулах нь зүйтэй гэж үзэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэв.
Тогтоолын төсөлд “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг Үндсэн хуулийн дагуу ашиглах тухай” тогтоолын хэрэгжих үйл явцад хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагад даалгахаар тус тус тусгажээ. Хаалттай хувьцаат компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, хүдрийн овоолгыг боловсруулах үйлдвэр байгуулах хөрөнгө оруулагч, Орхон аймгийн шалгуур хангасан иргэдийн хамтын сан гэсэн хувьцаа эзэмшигчидтэй байх бөгөөд компанийн сайн засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллах шаардлагатай гэж үзсэн учраас хаалттай хувьцаат компанийн хэлбэрийг сонгосон байна. Үйлдвэр барьж байгуулахад шаардагдах санхүүжилтийг бүрэн шийдвэрлэх хөрөнгө оруулагчид компанийн хувьцааны 33 хүртэл хувийг тодорхой хугацаагаар эзэмшүүлэх бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноос хойш долоогоос илүүгүй жилийн дотор өөрийн эзэмшиж буй хувьцааг компанид шилжүүлэн өгөх юм байна. Энэ долоон жилийн хугацаанд хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж мөн нэмж ашиг олох боломжтой гэж үзжээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.