Нийгэм
Үндэсний цементийн үйлдвэрүүдийн бүтээж босгосон бүхэн “үнс” болох аюул гэтсээр л байна

Хөгжлийн банкны дуулиан, шуугиан намжаагүй байгаагийн хажуугаар үндэсний үйлдвэрлэгчдээ татаж унагах популизмын уралдаан улстөрчдийн дунд ид өрнөж байна. Үүгээр далимдуулан дотоодын цемент үйлдвэрлэгчдийг нэг мөр нухах төлөвлөгөө хэрэгжээд эхэлэв үү гэсэн асуулт гарч ирэв. Монголчууд гэрэл цахилгаан, түлш шатахуун, гутал хувцас, хоол хүнс, цемент, арматур гээд ер нь байж болох зүйлсээ гаднаас авч байх нь харийнханд ашигтай байлгүй яахав. Импортлогч орны зовлон энэ. Сүүлдээ бүр гаднын энэ далд санаархлыг Монголд Монголоор нь хэрэгжүүлэх акц ил цагаандаа гарав.
Уг нь Хөгжлийн банкыг улс орны хөгжилд хэрэгтэй том төслүүдээ санхүүжүүлж, үйлдвэрлэгч улс болох зорилгоор байгуулсан. Үүний дүнд 100 хувь гаднаас цементээ авч байсан Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах болж урд хөршийн уурыг хүргэсэн нь ч бодит үнэн. Гэтэл “Жоомоо алах гээд байшингаа шатаав” гэгчийн үлгэрээр Хөгжлийн банкны чанаргүй зээл, далд луйвартай тэмцэх нэрээр халхавчлан нэгэнт баригдсан болон одоо баригдаж байгаа хэдэн цементийн үйлдвэрийнхээ үүдийг нь хааж, үнсийг нь хийсгэх үйл явц явагдаж байна.
Учир нь Хөгжлийн банкны чанаргүй зээлийн тал хувийг нь эзэлж буй Төрийн өмчит компаниуд, зээлээ зориулалт бусаар зарцуулж орон сууц барьсан, үнэт эдлэлийн дэлгүүр нээсэн, банк бус санхүүгийн байгууллагад оруулж мөнгө хүүлсэн, нүүрсний дамын наймаанд ашигласан, бүр ор мөргүй идээд уучихсөн нөхдөө огт дурсахгүй хэрнээ өдөр, шөнөгүй өнөө хэдэн цементийн үйлдвэрээ хэвлэл, сошиалаар балбаж, хэрүүлийн алим болгон шидэж байгаа нь ямар учиртай вэ.
Үе үеийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цемент, барилгын материалынхаа дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг болно, гэр хорооллыг орон сууцжуулна, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэсэн ерөөл магтаал шиг сайхан уриа тунхаг ёс юм шиг ордог. Тэр амлалт, хамаг зорилтыг нь өөрсдөө эрсдэлээ үүрч, олон монгол хүнийг ажлын байртай болгож, улсад татвар шимтгэлээ төлж, улаан гараараа бүтээн байгуулалт босгож зүтгэсэн цемент үйлдвэрлэгчдээ өнөөдөр зах зээлээс зайлуулж, хужаа цемент оруулах хуйвалдааны хөрсөө сийрэгжүүлж суугаа нь нууц биш боллоо гэж хардах хүмүүс ч байна.
Сүүлийн 30 жилд энэ хэдэн цементийн үйлдвэрийг эс тооцвол Монголд хийгдсэн өөр дорвитой том бүтээн байгуулалт гэж байхгүй. Сайрхаад яриад байдаг 100 мянган айлын орон сууц хөтөлбөр, 21 аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбосон гавьяа өнөөх л хэдэн муу нэр луу данстай болж цоллогдоод буй үндэсний цементийн үйлдвэртэй болсны гавьяа гэдгийг мэддэг нь хэлчих зориггүй бэртэгчин байдал Монголын хөгжлийг хойш татаж байгаа юм.
Хөгжлийн банкны асуудлыг ярихдаа арай эрүүл өнцгөөр харсан бол ямарт нь арилжааны банкных шиг өндөр хүүтэй долларын зээл олгов, ямарт нь маш бага хүүтэй төгрөгийн зээл өгөв, төрийн бодлогын дагуу төсөл хэрэгжүүлсэн баялаг бүтээгчдээ яагаад баалж яллаад байна вэ гэдгийг сүү тос шиг ялгаж хэрэгтэй. Төрийн өмчит компаниудын чанаргүй зээлийг төсөвт оруулаад татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулах ухааны юм ч эрх баригчдаас илт цухалзах болов.
Гэтэл буух эзэн буцах хаягтай, зээлээ зориулалтын дагуу зарцуулж засгийн зорилтыг биелүүлсэн компаниудаа цаазын тавцан дээр тавьчихаад бахаа хангаж суугаа нь эмгэнэлтэй. Хятадаас хямд цемент орж ирээд монгол хөгжихөд үндэсний цементийн үйлдвэрүүд саад болоод байна гэж ярих мунхаг нэгэн байх.
Хэрэв тийм бол тэр хүмүүс далд санаархалаа муу нуухаар сайн илчлээд “Бид Хятадын цементийн үйлдвэрүүдийг дэмжиж байна. Монголчууд үйлдвэрлэл эрхэлж, Монгол Улс хөгжихийн эсрэг талд байна” гээд ил тод зарлаач дээ. Ёстой нөгөө Хурмаст болдоггүй бор өвгөний нисдэг бор морийг идээд ир гээд явуулсан чинь нисдэггүй бор морийг нь эндүүрүүд жамирчихдаг чөтгөрүүд шиг даанч эрээгүй аашилж байна гэж харахаас өөр арга алга.
Монгол цемент сөнөхийн төлөө бахирагсдын гайгаар Монгол модоо барьж, үндэсний цементийн үйлдвэрүүдийн бүтээж босгосон бүхэн “үнс” болох аюул гэтсээр л байна. Төлөөсөнд нь эхлээд хямд үнэтэй орж ирж зах зээл дээр эзэн суусан хятад цемент дараад нь гэрийн байтугай төрийн хоймор эзэгнэж, та бид тав тухтай орон сууцанд биш таван ханатай гэртээ үнс нурамтайгаа хутгалдан халтайж суух вий дээ. Тэр цагт таны тархийг угааж үндэсний үйлдвэрлэгчдийг үзэн ядуулж асан өнөөх хөлсний бичээчид, улсаа хорлогч улстөрчид шүлстэй амаа үдүүлсэн мэт таг хамхиж, бузар аргаар олсон мөнгөөрөө тансаг хауст тарвалзаж, далайн эрэгт далилзаж явах нь гарцаагүй. Монгол цементийг “үнс” болгох дотор төлөвлөгөөг хальт гадарлахад ийм л байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.