Нийгэм
Д.Ганбат: Хөндлөнгийн экспертүүд яаралтай урьж ирүүлээд дүгнэлт гаргуулах ёстой

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ. Үүнд
-Эдийн засгийн хүндрэлийн эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар АН-ын бүлгийн зөвлөмж,
-УИХ-ын хөгжлийн банкны Хяналтын түр хорооны бүрэлдэхүүн,
-ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовын мэдэгдэл, ОХУ-ын сенатчийн биолаборатори байгуулах тухай мэдээллийн асуудал багтсан байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Нэгдүгээр, хавтгайрсан халамж эзэндээ очихгүй байна. Энэ бодлогоо эрх баригчид эргэж хар. Төрийн албан хаагчдын орон тоо 200 гаруй мянга болж ямар ч хэрэггүй албан тушаалтнууд байна. Мөн хүн ам цөөн, шаардлагагүй олон сумдын төв ч бий, тэдгээрийг нэгтгэх хэрэгтэй. Баялгийн 10 хувийг эзэмшүүлэх, иргэдийг баялагтаа эзэн байх, ААН-үүдийг оролцуулж хувьчлал хийх зэрэг зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлнэ. Засгийн газраас хэд хэдэн тогтоол шийдвэр гаргалаа. Бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтийг тогтворжуулах хууль, тогтоомж баталлаа. Ер нь бол хуулиар үнэ тогтворжуулдаггүй. Үнэ тогтворжуулна гэх оролдлого нь зөв ч арга нь буруу . Нийгмийн даатгалын 50 хувийг өөрсдөд нь өгнө гэдэг шийдвэр гаргаж байгаа юм байна. Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг Засгийн газрын мэдэх мөнгө мөн үү, биш үү. Хувь хүний мөнгө шүү дээ. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний дунд ажил олгогч, хувийн хэвшлийг дэмжсэн зүйл заалт алга.
Хоёрдугаарт, Хөгжлийн банкны хянан шалгах түр хороо байгуулсан нь хэд хэдэн зүйл заалтыг ноцтой зөрчсөн. Тодруулбал, гуравны нэгээс доошгүй цөөнхийн төлөөлөл байна гэснийг баримтлаагүй. Нийт 11 хүнтэй хороонд цөөнхөөс хоёр л гишүүн оруулсан. Мөн цөөнхийн бүлгийн бичгээр явуулсан саналыг хэлэлцээгүй. Тэгэхээр энэ Хөгжлийн банкны хяналтын хороо нь хүчингүй, хууль бус юм.
Гуравдугаарт, Монгол Улсад Украин, ОХУ-ын хооронд үүсээд буй нөхцөл байдлын үед ОХУ-ын нэр хүндтэй албаны хүн Монголд био лаборатори байгуулсан талаар удаа дараа мэдээлэл түгээсэнд ГХЯ мэдэгдэл гаргасан байсан. Үүнээс гадна хөндлөнгийн экспертүүдийг яаралтай урьж, үнэхээр байгаа эсэхийг нягталж, дүгнэлт гаргуулан найрсаг харилцаатай хөршдөө мэдэгдэх ёстой. Үүнийг зохих байгууллагууд нь яаралтай нягталж шийдвэрлэх хэрэгтэй байна” гэлээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.