Нийгэм
Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ
ШӨХТГ-аас ус, дулаан, цахилгаан түгээх байгууллагуудад хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад “УБЦТС” ТӨХК, “УБДС” ТӨХК, ОСНААУГ болон түүний харьяа ХҮТ-үүд, Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв, Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн конторын үйл ажиллагаа эрхэлдэг “Бадамлах нар” ХХК, “Батбаян дулаан” ХХК, “Богд асар” ХХК, “Ганбиж” ХХК, “Туул арвижих” ХХК, “Тэлмүүн орд” ХХК, “Тунамал өргөө” ХХК, “ЖМБО” ХХК зэрэг ААН-үүд хамрагдав.
ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭГҮЙ ХЭРЭГЛЭГЧТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛДАГГҮЙГЭЭС ӨНДӨР ТАРИФААР ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨР ТӨЛЖ ХОХИРЧ БАЙНА
Уг хяналт шалгалтын хүрээнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаа нь хэрэглэгчдийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа нь тогтоогдлоо. Тухайлбал гэр хорооллын айл өрхүүдийн хашаанд байрлуулсан цахилгааны тоолуурууд заалтыг хянах цонхгүй, өндөрт байрладаг зэргээс хэрэглэгч өөрийнхөө цахилгааны хэрэглээг хянах, мэдээллээр хангагдах боломжгүй, “УБЦТС” ТӨХК-ийн ажилчид тоолуурын заалт авч, төлбөрийн бичилт хийхдээ мэдээлэл өгдөггүй нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.2-т “Үйлдвэрлэгч барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө:”, 7.2.5-д “барааны хэмжээ, хэмжих нэгж” гэж заасныг зөрчсөн байна.
Түүнээс гадна газрын өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ болон Үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгүй хэрэглэгчтэй гэрээ байгуулахаас татгалзаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-т “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.
Үүний улмаас нэг тоолуурт хэд хэдэн айл холбогдсоноор хэрэглээний төлбөр 150 квт-аас илүү гарч энэ хэрээрээ өндөр тарифаар төлбөр төлж хэрэглэгчид хохирох нөхцөл байдал ихээр гардаг байна. Энэ талаар тус компанийн зүгээс төлбөрийн тооцоо хийхэд хүндрэлтэй байдаг гэж тайлбарлаж байгаа боловч хэрэглээний төлбөрөө төлөхөөс татгалзаж, хаягаа өөрчилсөн тохиолдолд Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх боломжтой юм.
Мөн хэрэглэгчээс цахилгаан эрчим хүч ашигласан төлбөр нэхэмжлэх, цахилгаан эрчим хүчээр хангахаас татгалзах зэрэг бусад мэдээллийг үүрэн телефоны сүлжээ ашиглан хэрэглэгчдэд мессежээр хүргэж байгаа нь дэвшилттэй хэлбэр боловч харилцах утсыг тухай бүр тодотгохгүй байдгаас мэдээлэл хэрэгцээт эзэндээ очихгүй байх, төлбөрөө төлсөн байхад мессеж дахин, дахин илгээх зөрчил түгээмэл байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.8-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.
Мөн шинээр баригдсан орон сууцны цахилгаан эрчим хүчний борлуулалтыг хүлээлгэж өгөх байдал удааширсанаас болж хэрэглэгчид аж ахуй нэгжийн үнэ тарифаар цахилгаан эрчим хүчний үнийг төлж хохирох тохиолдол гарч байна.
ШӨХТГ, ЭХЗХ нь Өрсөлдөөний тухай хууль, Эрчим хүчний тухай хуулиудад заасан эрх үүргийн хүрээнд тухайн зүй ёсны монополь аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, тарифыг хянаж, баталдаг байтал “УБЦТС” ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2014 оны “Төлбөрт үйлчилгээний үнэ батлах тухай” А/14 тоот тушаалаар үйлчилгээний үнэ тарифыг баталж, мөрдөн ажиллаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2, Эрчим хүчний тухай хуулийн 9.1.4-т заасныг тус тус зөрчсөн байна.
Түүнчлэн “УБЦТС” ТӨХК-ний ажилтнууд зарим сард газар дээр нь очиж тоолуурын заалтыг авалгүй таамгаар бичдэг, хэрэглэгчдийн хэрэглэсэн цахилгааны төлбөр сар бүр ижил гардаг, цагтаа бичихгүйгээс дараа сард хуримтлагдан их гардаг зөрчлүүд байна.
Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 20.2, 20.3.1-т заасныг тус тус үндэслэн дээр дурдсан зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авч 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгож, захиргааны шийтгэл ногдуулахаар боллоо.
УС, ДУЛААНЫ ТӨЛБӨР ДЭЭР ХУУЛЬ БУС ТӨЛБӨР НЭМДЭГ БАЙЖЭЭ
Уг шалгалтын үеэр ус, дулаан, цахилгаан түгээдэг аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдлоо. Тухайлбал хувийн орон сууцны ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай “Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах” гэрээ хийж, гэрээний 3.2.11-д +ашиглалтын зардлыг орон сууцны оршин суугчидтай харилцан тохиролцож гаргахаас гадна дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнд тусгана гэж заасан байтал хэрэглэгчтэй харилцан тохиролцолгүйгээр “Тэлмүүн орд” ХХК “узелийн цахилгааны зардал” нэрээр сард нэг өрхөөс 2800, “Богд асар” ХХК “ус дулаан дамжуулах төвийн зардал” нэрээр 6000, “Бадамлах нар” ХХК “насос тог” нэрээр 2475-11000, “Батбуян дулаан” ХХК “ЦТП” нэрээр 11000, “Тунамал өргөө” ХХК “УДДТ” нэрээр 2600 төгрөгийг тус тус авч байсан нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9-т “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно.” гэж, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т “тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх;” 9.2-т “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Мөн “Тунамал өргөө” ХХК нь орон сууцны халаалт доголдолтой үед орон сууцны айл өрхөөс дулаан эрчим хүчний төлбөрийг бүрэн авч байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна.
Түүнээс гадна Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 189 дүгээр тогтоолоор батлагдсан “Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам”-ын 3.6-д “айл өрхийн халаалтын төлбөр тооцох талбайг Монгол улсын MNS 6058:2009 стандартад заасны дагуу хийхээс гадна сууцны талбайн хэмжилтийг барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж хийнэ гэснийг зөрчин ОСНААУГ-ын харьяа хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд /ХҮТ/ өөрсдийн ажиллагсадаар хэмжилт хийлгэн тухайн оршин суугчаар хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулалгүй дулааны төлбөрийг авч байсан ноцтой зөрчил илэрлээ. Шалгалтад хамрагдсан “Тунамал өргөө” ХХК нь ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй, “ЖМБО” ХХК-ний тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан боловч үйл ажиллагаа явуулж байгаа нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасныг, мөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 24 дүгээр байрны “Цамхаг НД 35” СӨХ цахилгаан, ус, дулааны өртэй, гэрээ хийгээгүй гэдэг шалтгаанаар тус 24 дүгээр байрны оршин суугчдын цэвэр усны хэрэглээг хязгаарлаж хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн нь тогтоогдлоо. Өөрөөр хэлбэл Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-, 16.1.1, 16.1.2, 16.1.3 дахь заалтуудаас бусад тохиолдолд оршин суугчдын усны хэрэглээг хязгаарлах эрхгүй байдгийг тус компани ийнхүү зөрчсөн байна.
Иймд уг зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, захиргааны шийтгэл ногдуулахаар боллоо.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРААС ДАРААХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛУУД ХИЙГДЭЖ БАЙНА:
– Хүнсний зарим бүтээгдэхүүний гарал үүслийн асуудал
– Гурил, гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлт
– ЭХЗХ-ноос 2015.07.06-нд цахилгаан, дулааны тариф нэмэгдүүлсэн шийдвэрүүд
– Зарим их, дээд сургуулиудын сургалтын төлбөрөө нэмсэн шийдвэрүүд
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.