Эдийн засаг
Нөөцийн хонины мах 8,300 төгрөгөөс 7,950 төгрөг болж хямдарна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, нөөцийг бүрдүүлэх хуулийг Засгийн газраас өргөн барьсан.
Үүнтэй холбоотойгоор гурил үйлдвэрлэгч болон дотоодын мах бэлтгэлийн ААН-үүдэд 234 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гурван хувийн хүүтэй олгох. Үүний зөрүү болох 10.6 хувийн хүүг Засгийн газар төсвөөсөө дэмжлэг болгон гаргахаар шийдвэрлэлээ.
Нийт 25 тэрбум төгрөгийн хүү тооцогдоно. Энэ бол иргэдийнхээ мах гурилын үнийн дарамтаас гаргах хүүгийн татаасын дэмжлэг гэж ойлгож болно.
Мөн төв суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулж Засгийн газраас 12.7 мянган тонн мах бэлдсэн. Энэ махны 30 хувь нь үхрийнх бол 70 хувь хонь, ямааны мах юм.
Өнөөдрийн байдлаар үхрийн мах 3,600 тонн, хонины мах 6,800 тонн, ямааны мах 1.1 мянган тонн нөөцтэй байгаа бөгөөд зах зээлд
- үхрийн мах 8,900 төгрөгөөр
- хонины мах 8,300 төгрөгөөр,
- ямааны мах 7,100 төгрөгөөр борлуулагдаж байна.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хонины мах дээр 250 төгрөгийн хөнгөлөлтийг нөөц хөрөнгөөсөө мах бэлдсэн компаниудад өгөхөөр шийдвэрлэсэн бол нөөцийн мах бэлдсэн 23 ААН нийгмийн хариуцлагын хүрээнд маханд 100 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ.
Ингэхээр нөөцийн хонины мах 8,300 төгрөгөөс 7,950 төгрөг болж хямдарна.
Мөн амралтын өдрүүдэд нөөцийн мах бэлтгэсэн компаниуд борлуулж буй хонины гулууз махны үнэ 7,750 төгрөг болж хямдарна. Энэ бол өнөөдрийн байдлаар төв суурин газарт байгаа хамгийн хямд, сайн чанарын мах юм.
Нөөцийн мах худалдаалж буй цэгүүдийг 20 хувиар нэмэгдүүлж, маргаашаас үнийн зохицуулалт хийж арилжаална” гэлээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.