Эдийн засаг
О.Батнайрамдал: Татвар тэглэх арга хэмжээ авснаар дизель түлшийг 3380 төгрөгөөр зарагдах боломж бүрдэж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн дэд сайд О.Батнайрамдал шатахууны нөөц, татан авалтын талаар мэдээлэл хийх үеэрээ АИ 92 автобензинийг худалдаалах өртөг 3330 төгрөг байгаа ч зургадугаар сар дуустал 2390 төгрөгөөр зарагдана гэж мэдээллээ.
Тэрбээр “Энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд дизель түлш болон АИ 92 автобензиний үнэ дэлхийн зах зээл дээр 45.8 хувиар өссөн байна. Зах зээлийн өртгөөр нь тооцвол АИ 92 автобензин 3330 төгрөгөөр зарагдах өртөгтэй. УУХҮЯ-аас ОХУ-ын “Роснефть” компанитай хэлцэл хийж, нэг тонн шатахууныг зургадугаар сар дуустал 840 ам.долллараар авахаар боллоо. Өмнө нэг тонныг 1110 ам.доллар байсан. Үүнийг 25 хувь хөнгөлсөн гэсэн үг. Зургадугаар сар хүртэл сар бүр 40 мянган тонн автобензин авах гэрээ хийсэн. Мөн Монгол Улсын Засгийн газраас АИ 92 автобензиний гаалийн албан татварыг тэглэсэн. Ингэснээр 3330 төгрөгөөр зарагдах байсан АИ 92 автобензиний үнэ зургадугаар сарыг дуустал 2390 төгрөгөөр зарагдах боломж бүрдлээ. Харин дизель түлшний үнийн өртөг 3714 төгрөг байгаа. Энэ бүгдэд татвар тэглэх арга хэмжээ авснаар 3380 төгрөгөөр зарагдах боломж бүрдэж байна. ААН-үүд ашигтай бус өртгөө дөнгөж нөхөх хэмжээнд ажиллаж байгаа гэж ойлгож болно” гэсэн юм.
ОХУ-д УУХҮЯ болон шатахуун импортлогч ААН-үүд өнгөрсөн долоо хоногт айлчилсан. Энэ хүрээнд ОХУ-ын Аж үйлдвэр худалдааны Ази хариуцсан дэд сайдтай уулзаж хоёр асуудлыг хөндөж ярилцжээ. Нэгд, уул уурхайн салбарт нэн шаардлагатай байгаа бодис, бүтээгдэхүүнүүдийг ОХУ-ын Владивостокоор дамжуулан транзит байдлаар авахаар болсон байна. Хоёрт, “Роснефть” компаниас дизелийн түлшийг илүү хямдаар авах саналаа тавьсан аж. Үүний хариу ирэх долоо хоногт ирэх аж. Цар тахал болон Украин дахь нөхцөл байдлаас улбаалж газрын тосны бүтээгдэхүүнийг 45 хоногоор нөөцөлдөг болсон байна. Өмнө нь газрын тосны бүтээгдэхүүнүүдийг 30 хоногоор нөөцөлдөг байсан юм. Дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар АИ 80 автобензин улсын хэмжээнд 65 хоног, АИ 92 автобензин 33 хоног, АИ 95 автобензин 62 хоног, дизель түлш 24 хоногийн нөөцтэй байна.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
Шатахууны үнийг хүчээр барьснаас болж инфляц савладаг. Үүнийг тооцсон уу?
-АИ 92-оос бусад шатахууны үнэ тогтооход Засгийн газар оролцдоггүй. АИ 92 дээр дундын оролцоо бий. Үүнийг аажмаар зах зээлийн зарчимд шилжүүлэх автомат үнийн тооцоололд шилжсэн. Энэ зарчмаар хэсэг явсан. Украин дахь нөхцөл байдалтай уялдуулан дэлхийд нийлүүлэлтийн шок үүсэж, шатахууны үнэ тооцоолсноос өндөр хэлбэлзэж байна. Тиймээс бид ийм санал дэвшүүлж хийсэн юм.
Шатахуунаа доллараар авах уу, рублиэр авах уу?
-Рублиэр тооцоо хийх асуудлыг хүмүүс ярьдаг. АИ 92 автобензиний зургадугаар сар хүртэлх урьдчилгаа төлбөр 100 сая ам.доллар шилжүүлсэн. Энэ нь 7.1 тэрбум рубльтэй тэнцэнэ. Ийм хэмжээний рубль монголын зах зээлээс босохгүй. Тэгэхээр бид ам. Доллараар буюу Лондонгийн бирж дээр рубль, доллартай харьцах ханшаар авна гэж ойлгож болно. Цаашид төлбөрөө ам.доллараар хийх боломжгүй болвол хоёр талаасаа ямар валютаар хийх талаар судалж, ярилцахаар болсон.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.