Эдийн засаг
Ахмадууд “Насны хишиг”-ээ дансаар бус бэлнээр авах сонирхолтой байна

Ахмадууд сар шинийн баяраас өмнө “Насны хишиг”-ийнхээ мөнгийг авахаар өнгөрсөн даваа гаригаас хойш банкны гадаа уртаас урт дараалал үүсгээд буй. Өчигдрөөс эхлэн арилжааны банкуудаар “Насны хишиг”, “Одонгийн мөнгө, “Ахмад дайчны мөнгө, “Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгийг олгож эхэлсэн. Энэ жил 120.000 мянга гаруй ахмад настанд “Насны хишиг” олгоно. Эдгээр “хишиг”-ийг банкных нь картаар олгодог болбол ачаалал буурах боломжтой. Энэ талаар бид сурвалжлага бэлтгэхээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбар 100 айл тооцооны төв мөн 100 айл дах Төрийн банкаар ороход хоёул ачаалалтай, урт дараалал үүссэн байв.
АХМАДУУД ХАЛАМЖИЙН МӨНГӨӨ БИЕЭРЭЭ ОЧИЖ АВАХЫГ ИЛҮҮД ҮЗДЭГ ГЭВ
Энэ жил 80 нас зооглож буй ахмад Д.Алтангэрэл: Өнгөрсөн өдрүүдэд банк ачаалалтай, маш их оочиртой байлаа. Өвөө нь гурван өдөр дугаарласны эцэст өчигдөр дөрвөн цаг хүлээж байж “Насны хишиг”-ээ авлаа. Өнөөдөр харин ч банкны ачаалал багасчээ. Банканд ирснээсээ хойш 30 минут л боллоо. Байрны мөнгөө тушаахын зэрэгцээ тэтгэврийн мөнгөө авахаар сууж байна. Халамжийн мөнгө, “Насны хишиг”-ийн мөнгийг уул нь хүүхдүүдийн данс руу шилжүүлчихвэл биед амар байх юм. Хүүхдүүд картаасаа мөнгө аваад л надад өгнө шүү дээ.
Сүхбаатар дүүргийн оршин суугч 79 настай н.Цагаан: Өвөө нь тэтгэврийн мөнгөө авахаар дугаарлаж байна. Өчигдөр “Насны хишиг”-ээ авсан. Өдрөөс хойш дугаарлаж оройхон л авсан. Дүүрэг харгалзахгүй халамжийн мөнгө олгож байгаа, төвд ачаалал бага гэж надад хэлсэн л дээ. Гэхдээ автобусанд сууж явах нь бас л нэг ажил шүү дээ. Эндээ дугаарлаж байгаад мөнгөө авсан нь дээр” гэлээ.
Ахмадуудын ихэнх нь өөрсдөө данс ашигладаггүй боловч тэтгэвэр, халамжийн мөнгөө хүүхдийнхээ данстай холбох сонирхолтой байлаа. Мөн зарим нь данснаас илүү бэлэн мөнгөөр авах сонирхолтой байдгаа илэрхийлж байв.
Тус банкны ахлах теллер “Банкны зүгээс ачааллыг бууруулахын тулд халамжийн мөнгийг дансаар холбох ажлыг хийж байгаа. “Насны хишиг”-ийг жилд хоёр удаа л олгодог. Одоогоор иргэдийн данстай холбоогүй. Тухайн иргэн хүсэлтээ гаргавал халамжийн мөнгийг нь хүүхдийнх нь данстай холбох боломжтой. Банканд урт дараалал үүсч байгаа шалтгаан нь ахмадууд данс ашиглаж мэддэггүйгээс гадна мөнгөө бэлнээр нь авах сонирхолтой байна. Өндөр настай хүмүүс мөнгийг нь данс руу шилжүүлнэ гэхэд итгэдэггүй. Дансанд нь халамжийн мөнгө орчихсон байхад бэлэн мөнгө гаргуулж авдаг. Ихэнх нь данс ашиглаж, картаар мөнгө авахаас түвэгшээдэг. Энэ нь ахмадууд өөрсдийн биеэрээ ирж бэлэн мөнгөө авах сонирхолтой байдагтай холбоотой байх.
Бид “Насны хишиг”-ийг харьяа дүүрэг харгалзахгүйгээр банкны бүх салбарт олгож байгааг иргэдэд хэлдэг боловч, дугаарласаар л байдаг. Улсаас халамжийн мөнгөний санхүүжилтээ ахиу шилжүүлчихвэл бас урт дараалал үүсэх нь багасна. “Насны хишиг”-ийн санхүүжилт улсаас орж ирээгүй байхад л хүмүүс дугаарласаар байсан. Бид хэлж, ойлгуулахыг хэлээд ямар ч үр дүнд хүрээгүй. Нэгэнт санхүүжилт орж ирээгүй байхад урт дараалалд дугаарлах нь ямар ч үр дүнгүй шүү дээ. Гэвч бид үйлчлүүлэгчдээ хөөж болохгүй. Тэр хүмүүс явах үгүйгээ өөрсдөө л мэднэ” гэв.
Хаан банкны 100 айл дахь тооцооны төвийн ахлах менежер М.Эрдэнэчимэг “Халамжийн мөнгийг харьяа, дүүрэг харгалзахгүйгээр олгож байгаа. Энэ тухай иргэдэд мэдээлж зөвлөдөг боловч манай салбараар л үйлчлүүлэх сонирхолтой, дугаарлаж байдаг. Сүхбаатар дүүрэгт өндөр настан харьцангуй их оршин суудаг. Өндөр настай иргэд магадгүй автобусанд сууж, өөр салбарыг зорихоос илүүтэй гэртэйгээ ойрхон гэж сонгодог байх. Харин улсаас олгож буй “Насны хишиг”-ийн мөнгөө ахмадууд дансаар авах боломжгүй. Жилд хоёр удаа олгодог учраас тэтгэврийн мөнгө, бусад халамжийн мөнгө шиг данс холбохгүй. Тиймээс л урт дараалал үүсээд байгаа юм” гэлээ.
Тус тооцооны төвийн 02 дугаарт “Насны хишиг”, “Одонгийн мөнгө”, тэтгэвэр зэрэг халамжийн мөнгө олгож байгаа тул банкны ачаалал их, дугаарлах хүн олон байв. Халамжийн мөнгөө авах гэсэн ахмадуудын зарим нь гурван өдөр дугаарласны эцэст өнөөдрөөс халамжийн мөнгөө авах гэж байгаа бол нөгөө хэсэг нь өнөөдөр авахаар банканд 2.00 цаг орчим дугаарласан гэдгээ хэлж байв. Банканд дугаараа хүлээх ахмадуудын олонх нь “Насны хишиг”-ээ авахаар хүлээж байгаа бол зарим нь “Одонгийн мөнгө”, тэтгэврийн мөнгөө авахаар ирсэн аж.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын ойролцоо буюу 100 айл дахь Төрийн банкны салбараар орвол багагүй ачаалалтай байв.
Хүлээлгийн танхим дүүрэн хүн урт дараалал үүсгэжээ. Таяг тулсан, өндөр настай буурай нар “Насны хишиг”, “Одонгийн мөнгө” тэтгэврийн мөнгөө авахаар хүлээлгийн сандал дээр сууж байлаа.
Сүхбаатар дүүргийн оршин суугч Д.Адъяажав: Банкны ачаалал их байна. Цаг орчим хүлээж сууна. “Насны хишиг”-ээ авна. Данснаас илүү биеэрээ ирж авсан нь илүү дээр байдаг.
Сүхбаатар дүүргийн оршин суугч Г.Удвалсүрэн: Насны хишиг”-ээ өчигдөр дугаарлаж байж авсан. Банкны ачаалал багассан байна. Одоо тэтгэврийн мөнгөө авахаар хүлээж сууна. Өнгөрсөн хэдэн өдөр банкны ачаалал дийлдэхээргүй, оочир их байна гэхээр нь гарч зүрхэлсэнгүй. Өчигдрөөс “Насны хишиг” олгож байна гэхээр нь очиж авлаа гэв.
Халамжийн мөнгө олгож буй арилжааны банкуудын ачаалал харилцан адилгүй байна. Ардын эрх, Бөмбөгөр, Баянмонгол орчимд ачаалалгүй цөөн хүн үйлчлүүлж байсан бол 100 айл, X хороолол, XVI хороолол, XXI хороолол, долоон буудал орчимд хамгийн их ачаалалтай буюу иргэд урт дараалал үүсгэн дугаарлаж байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.