Эдийн засаг
Б.Лхагвасүрэн: IPO гаргах банкууд 500–700 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдаас төвлөрүүлэх тооцоо гарсан

УИХ-ын нэгдсэн чуулганаар арилжааны таван банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах асуудлыг хэлэлцэв.
Банкны тухай хуульд өнгөрсөн оны нэгдүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр энэ оны зургадугаар сарын 30 гэхэд системийн нөлөө бүхий таван банк IPO гаргаж олон нийтэд нээлттэй болох ёстой. Тэгвэл энэ хугацааг дахин нэг жилээр сунгах асуудлыг төв банкнаас УИХ-д тавиад буй юм. Манай улсад нийт 12 банк үйл ажиллагаа явуулдаг тул үлдсэн банкууд нь нээлттэй эсхүл хаалттай хувьцаат компани байх сонголтыг нээлттэй үлдээжээ.
Монгол Улсын арилжааны банкуудад хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл хэт өндөр буюу гурав хүртэлх тооны хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 90-ээс дээш хувийг эзэмшиж байна. Иймд энэ төвлөрлийг задлах нь банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх эхлэл болно хэмээн төрөөс үзэж байгаа юм.
Тодруулбал, банкны салбарын нийт активын хэмжээ 35.8 их наяд төгрөгт хүрчээ. Үүний 90 орчим хувийг бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө, үлдсэн 10 гаруй хувийг банкны эздийн өмч бүрдүүлж байгаа аж. Тэгэхээр банкны салбарын засаглалыг сайжруулах, илүү ил тод, нээлттэй болгох нь зүйтэй хэмээн үзэж Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Хуульд нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20-иос хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмшихээр тусгаж өгсөн. Хуулийн энэхүү шаардлагыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хангах үүрэгтэй юм.
Ингээд УИХ-ын нэгдсэн чуулганы үйл явдлаас хураангуйлан хүргэе.
-Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Бид энэ хуулийн төслийг боловсруулахдаа банкууд ХХК-иас ХК болгон бүтцийн өөрчлөлт хийхэд бусад улсууд таван жил зарцуулдаг гэдгийг олж мэдсэн. Энэ дагуу төсөлд тусгасан ч төслийг хэлэлцэх явцад хугацааг гурван жил болгон шахсан. Одоогоор ХААН, Голомт банкууд Санхүүгийн зохицуулах хороонд хувьцаагаа нээлттэй худалдах хүсэлтээ ирүүлсэн. 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон банкуудын тайланд аудит хийлгэж, өнгөрсөн сард тайлан нь бэлэн болсон. Ирэх долоо хоногт IPO гаргах таван том банканд активын чанарын үнэлгээ хийх гэрээг байгуулж дуусна. Энэ шалгалт хоёр сар үргэлжилнэ. Банк хүсвэл энэ шалгалттай зэрэгцэн IPO гаргах ажлыг эхлүүлж болно. Банкууд хууль гарснаас хойш бэлтгэлээ базааж эхэлсэн. Системийн нөлөө бүхий таван банк бүгд төлөвлөгөөгөө ирүүлсэн. Активын чанарын үнэлгээг хийхэд гаднаас мэргэжилтнүүд ирж ажиллана, Монголбанк хийхгүй, хөндлөнгийн байгууллагаар хийлгэнэ. Активын чанарын үнэлгээ хийлгэхийг ОУВС яагаад зөвлөсөн бэ гэхээр олон улсын байгууллагууд хувьцаа худалдан авах хүсэлтэй байгаа тул тэдгээр хөрөнгө оруулагчдын итгэлийг олох, хөрөнгийг нь баталгаажуулахад хувь нэмэртэй гэж үзсэн. Активын чанарын үнэлгээг хийснээр банкны салбарт хийх шинэчлэл хойшлохгүй, үргэлжилнэ. Шинэ хуулийн төсөлд бид нэг л тоо өөрчилсөн. Энэ нь 2022 оны зургадугаар сарын 30 гэсэн огноог 2023 он болгож өөрчилж байгаа юм. Ингэснээр таван том банкны IPO ойр ойрхон гарахгүй болно.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Банкуудын хувьцааг нээлттэй болгох хуулийн хугацааг өөрчлөх тухай асуудал яригдаж байна. Аливаа хууль өөрчлөхөд шинээр үүссэн нөхцөл байдал гэж байх ёстой байх. Банкууд, хөрөнгө оруулагчид хувьцаа гаргахад дуртай байх шиг байна. Гэтэл яагаад хүчлээд хугацааг нь сунгана гэдэг асуудал яригдаад байна вэ. Оролцогчид нь бэлэн байна. Дээрээс нь хөрөнгийн чанарын үнэлгээг заавал хийх шаардлагагүй гэж байна. Цаана нь өөр шалтгаан байна уу. Банкны салбарын зээлийн үзүүлэлт ямар байгаа юм. Чанаргүй зээлийн хэмжээнд тайлбар өгөөч. Төрийн банкны нөхцөл байдал ямар байна вэ.
-Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Ямар нэг далд шалтгаан байхгүй. Одоо хоёр банк л материалаа өгсөн. Дахин гурван банкны материалыг шалгах шаардлагатай. Гэтэл бидэнд нэг сарын хугацаа үлдлээ. Банкууд IPO гаргахаас өмнө олон нийтэд сурталчилгаа хийх цаг үлдсэнгүй. Иймд IPO хийж дуусах хугацааг сунгах санал оруулсан. Төрийн банкны санхүүгийн үзүүлэлтүүд сайжирсан. Ковидын хуулиар түр зуурын шинжтэй арга хэмжээ авсан. Гэхдээ бид энэ хуулийн заалтуудыг бусад хуульдаа оруулсан тул огцом өөрчлөлт гарахгүй. Гэхдээ Ковидын хууль зогсохоор банкуудын зардал өснө. Одоо 11 банк байна. Сүүлийн нэг жилд дөрвөн банк нийлж, хоёр банк болсон. Банкуудын дүрмийн санг 20, 50, 100 тэрбум төгрөг болгон өсгөсөн. Дүрмийн санг өсгөхийн тулд банкуудад эздэдээ ногдол ашиг тараахыг хориглодог байв. Харин ХК болсноор банкууд ногдол ашиг хуваарилах боломжтой.
-УИХ-ын гишүүн Т.Аубакир:
-Монголд хамгийн ашигтай бизнес нь банк. Бид нэг жилий өмнө баталсан хуулиа ингээд өөрчлөөд байх юм уу? Хуулийн төслийг дэмжихгүй. Банкуудын хувьцааг худалдан авах хүсэлтэй иргэд, ААН байна.
-УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
-Банкны салбарт бүтцийн өөрчлөлт заавал хийх ёстой. Энэ үйл ажиллагааг зогсоож болохгүй. Цар тахлын үед эдийн засаг хүнд байхад банкны салбар хангалтай ашигтай ажилласан. Тиймээс энэ шинэчлэлтийг хойшлуулж болохгүй. Өнөө маргаашгүй IPO зарлах бүрэн боломжтой байгаа. Яагаад үүнийг бүтэн жилээр хойшлуулах гэж байгааг ойлгохгүй юм. Лобби хийсэн байж магадгүй гэж хардаж байна. Банкны салбарт хийх бүтцийн өөрчлөлтийн амин сүнс алдагдах нь. Банкууд бэлэн байгаа. Богд банк IPO амжилттай хийсэн. Гишүүд үүнийг дэмжиж болохгүй.
-Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-IPO гаргах хугацааг л сунгах хүсэлт тавьсан. Эхлүүлэх хугацаа хэвээрээ байна. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн бизнес төлөвлөгөөний төсөөллөөр 500–700 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдаас төвлөрүүлэх тооцоо хийгдсэн байгаа. Иймд бэлэн болсон нь IPO гаргаад яваг. Харин бэлэн болоогүй нь цувраад хувьцаагаа гаргаг гэж хуулийн төслийг оруулж ирсэн. Бидний тооцооллоор таван банк энэ онд хувьцаагаа гаргаж дуусах болов уу.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Эдийн засгийн нөхцөл таагүй байна. Ковидын хуулийг бид түр хугацаагаар батлан, шинээр үүссэн нөхцөл байдалд уян хатан хандсан. Иймд энэ хуулийг дэмжиж байна. Хуулийг ойр ойрхон өөрчилж байгаа нь үнэн. Ойлгож байна. Засгийн газар олон улсын байгууллагатай ярилцаж тохирчээ. Хөгжлийн банкны асуудал дуусаагүй байна. Банкаар оролдохдоо маш болгоомжтой байх ёстой.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.