Улс төр
Ч.Хүрэлбаатар: Энэ онд Чингис бондын 136 сая ам.долларын өрийг төсвөөс төлнө
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатартай Монгол Улсын өр, төсвийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Монгол Улс өнөөдөр өр зээл ихтэй болсон. Саяхан дефолт зарласан Шри Ланка улсын араас орох нь гэсэн асуудал яригдах боллоо. Та Сангийн сайд байсан бас УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Шри Ланка улсын эдийн засгийн гол салбар нь аялал жуулчлал. Гэтэл уг салбар нь долоо дахин буурсан. Ингээд “Ковид-19” цар тахалтай залгаад популист татварын бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, НӨАТ-ыг 14 байсныг найм болгож бууруулсан. Мөн цар тахлын эрсдэл буураагүй учраас төсвийн зардлуудаа нэмж эхэлсэн байдаг. Ялангуяа халамжийн зардлаа нэмсэн. Ингээд тус улсын зээлжих зэрэглэл 2020 оноос эхлээд шатлал нь тасралтгүй буурч ирсэн байгаа юм. Үүнээс гадна тус улсад хэт даврагч бүлэг гурван сүмд террорист үйл ажиллагаа явуулсан. Энэ бүхний эцэст нь шинэ он гараад дефолт зарласан. Дээр дурдсан нөхцөл байдлын улмаас Шри Ланка улс ийм хүнд байдалд орлоо. Монгол Улсын хувьд Төсвийн байнгын хороо, УИХ-аар хэлэлцээд Засгийн газрын өрийн дунд хугацааны стратегийн баримт бичгийг батлах гэж байна. Өмнө нь батлагдаж байсан баримт бичиг дээр нэмээд Засгийн газрын баталгаа гаргана. Тэгээд дотооддоо үнэт цаас гаргах асуудлыг ирэх гурван жилийн стратегид оруулж байгаа юм. Урд нь зөвхөн дотоодод гаргасан үнэт цаасны хүүд жилд 650 тэрбум төгрөг төлдөг байсан. Энэ нь одоо 150 тэрбум болж буурсан. Одоо нөхцөл байдлыг дүгнээд Засгийн газар дотооддоо үнэт цаас гаргах бодлого чиглэлтэй ажиллаж байна. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2016 оныхтой харьцуулбал таван шатлалаар нэмэгдсэн. Тухайлбал, С1-В3 тогтвортой гэсэн зээлжих зэрэглэлийн ангилалд орсон. Зээлжих зэрэглэл тогтоодог “Фитч” байгууллага манай улсын зээлжих зэрэглэлийг саяхан хэвээр нь баталлаа. Энэ нь Засгийн газар ирээдүйд олон зах зээл дээр бонд гаргаад явах бүрэн боломжтой гэсэн үг. Янз бүрийн төвөгтэй байдал үүсэхгүй, худалдан авагчид байна. Харин бонд гаргалаа гэхэд хүү жаахан өндөр тогтоогдож магадгүй. Ийм л байр суурьтай байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн босгыг зааж өгсөн. Үүнд Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 65 хувьтай байхаар тусгасан. Одоо байгаа хэмжээ нь 2021 оны гүйцэтгэлээр 50.7 хувьтай байна. Тэгээд 2024 он гэхэд ДНБ-ий 60 хувь болж буурах төлөв бий. Үүнд нийцэж ажиллах ёстой юм.
-Монгол Улсын нийт гадаад өр 33 тэрум ам.доллар. Үүнээс Засгийн газрын баталгаа гаргасан өр нь 8.5 тэрбум ам.доллар гэдэг. Үлдсэн өрөнд нь Засгийн газар баталгаа гаргаагүй төрийн өмчит компаниудын тавьсан бас хувийн хэвшлийн өр орж байгаа шүү дээ. Уг асуудлыг юу гэж ойлгох юм бэ?
-Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн, Монголбанкны, Засгийн газрын өр нийлээд 33 тэрбум ам.доллар. Үүний 12.5 тэрбум ам.доллар нь Оюутолгойн өр. Өөрөөр хэлбэл Оюутолгойн бүтээн байгуулалтад оролцсон өртөг нь хэзээ нэгэн цагт төлөгдөнө гэдэг агуулгаар Монгол Улсын өр болгон бичигдэж явдаг учиртай. Монголбанкны гадаад өр 2.3 тэрбум ам.доллар. Энэ нь БНХАУ-тай своп хэлцэл хийсэн өр юм. Хөгжлийн банкны гадаад гаргасан бондын өрийн үлдэгдэл нь нэг тэрбум ам.доллар. Тэгээд аж ахуйн нэгжүүд гадаадын харилцагч түншүүдээс авсан, бонд гаргасан өр бий. Засгийн газрын өр УИХ-аар хэлэлцүүлж батлагддаг. Тэр 8.5 тэрбум ам.долларын өрийн 2.4 тэрбум нь бондын үлдэгдэл. Мөн Энэтхэгийн 1.4, БНХАУ-ын нэг тэрбум ам.доллар байна. Дарханы зам хоёр эх үүсвэрээс санхүүжиж байгаа. Тодруулбал, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкнаас нийлээд 300 сая ам.долларын санхүүжилт авч байгаа юм. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн 300 орчим, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын эх үүсвэр 290 орчим сая ам.долларын санхүүжилт тус тус авч байна.
-Та өрийн ДНБ-нд ногдох хувь хэмжээг бууруулна гэлээ. Гэтэл өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдлыг харвал буурах бус харин ч нэмэгдэх шинжтэй болж байх шиг байна?
-Дахин хэлэхэд өнөөгийн үнэ цэнэ ДНБ-ий 65 хувь юм. Цаашид 60 хувь болгох ёстой. Ер нь бид 40 хувь руу тэмүүлж байгаа. Үүнийг баримталж чадвал ямар нэг эрсдэл гарахгүй зөв алхам болно гэсэн үг. Тэгэхээр бидний өмнө эдийн засгийн сууриа тэлэх том ажил бий.
-Өрийн ДНБ-нд эзлэх хувь хэмжээ буюу дээд таазыг нь өмнө нэмсэн. Эрх барьж буй намын үзэмжээр өрийн таазаа дураараа нэмж хасаад хөдөлгөөд явах нь эрсдэлтэй юм биш үү?
-Өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг нэмсэн зүйл байхгүй. Харин “Ковид-19” цар тахлын үеэр хэрэгжих хугацааг нь нэг жилээр хойшлуулсан юм. Тэгэхээр өрийн босгийг нэмсэн асуудал гараагүй.
-Хөгжлийн банк гадаад бондын өрөө төлж чадахгүй бол ямар нэг асуудал үүсэх үү. Төрийн өмчит компаниуд тус банкнаас авсан зээлээ төлж чадахгүй байгаа шүү дээ?
-Хөгжлийн банк өөрөө л өрөө төлөх ёстой. Зээл олгохдоо эргэж төлөгдөх нөхөцлөө бодож олгох учиртай. Тус банкны удирдлагад ажиллаж байсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой.
-Жил бүр л төсөв алдагдалтай батлагддаг. Энэ хэрээр Засгийн газрын өр нэмэгдээд байна. Тэгвэл төсвийг алдагдалгүй батлах тал дээр УИХ, тэр дундаа Төсвийн байнгын хэрхэн анхаарах ёстой юм бэ?
-Улс төрчдийн, Засгийн газрын, эрх барьж буй намын улс төрийн зориг л шийднэ. Төсвийг алдагдалгүй батална гэдэг бол тодорхой хэмжээний зардлуудыг танаж орлого, зарлага хоёроо нийлүүлнэ гэсэн үг. Өнөөгийн энэ цаг үед төсвөө баланслуулах чиглэлээр анхаарч ажиллах ёстой.
-ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад ирж ажилласан. Тэгээд халамжийн бодлогоо эргэж харахгүй бол төсөв дийлэхгүй нь гэж сануулсан?
-Энэ бол төсвийн зардал дийлэх дийлэхгүйдээ биш. Яг хэрэгцээтэй хүнд л халамж өгөхгүй бол үргүй зардал их гаргаж байна гэж ярьж байгаа юм.
-Хэрэв энэ байдлаа засахгүй бол ОУВС-гийн хөтөлбөрт орох шаардлага үүсэх болов уу?
-ОУВС-гийн хөтөлбөрт ордог үндсэн шалтгаан гэж бий. Төлбөрийн тэнцлийн алдагдлаа тухайн улс нөхөж чадахгүй болоод ирэхээр л хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргадаг. Түүнээс биш төсөв алдагдалтай байгаа учраас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана гэсэн үг биш. ОУВС-гийн хөтөлбөр нь төлбөрийн тэнцлийг хангах чиглэлд дэмжлэг үзүүлэх учиртай. Тэгэхээр төсөв алдагдалтай байна гэдэг нь ам.долларын эрэлт бий болгож байгаа. Энэ нь дамаараа төлбөрийн тэнцэлд нөлөөлдөг тал бий.
-Сүүлийн гурван жилд авсан зээл тусламжийн 47 хувийг төсвийн алдагдал нөхөхөд зарцуулсан гэдэг нь үнэн үү?
-Энэ дээр тайлбар хэлэх ёстой. Жишээлбэл, Дарханы замыг аваад үзье. Нийт өртөг нь 300 сая ам.доллар. Уг төсөл өнөөдөр хэрэгжиж байгаа. Зардал нь төсөвт тусгагдаад явчихдаг. Мөн Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал байна. Бараг 600 гаруй сая ам.доллараар баригдсан. Энэ мөнгө нь бас ялгаагүй төсвийн зардалд тусгагдаад явсан. Эх үүсвэр нь зээл ч гэлээ зардал нь төсөвт тусгагдана. Тэгэхээр зээлээр хэрэгжиж буй бүх төсөл, хөтөлбөр төсвийн хөрөнгө оруулалтын зардалд тусгагдаад явдаг гэсэн үг. Ийм учраас алдагдал болж харагддаг юм.
-Энэ онд төлөх өрийн эх үүсвэр бий юу?
-Чингис бондын 136 сая ам.долларын өрийг энэ онд төлөх ёстой. Үүнийг арванхоёрдугаар сард төсвөөс асуудалгүй төлөх боломжтой.
-УИХ-ын дарга 2030 он гэхэд манай улсын өр зээл асуудал тарьж мэдэх юм гэсэн. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ер нь LRT зэрэг төсөл зээлээр хэрэгжих боломжгүй шүү гэдгийг л УИХ-ын дарга хэллээ гэж ойлгож байгаа. Цаашид авч буй өр зээлд анхааралтай ханд. Тэгэхгүй бол өрийн босго хэтэрнэ гэж УИХ-ын дарга хэлсэн. Би үүнтэй санал нэг байна.
-Эдийн засагчид дампуурахгүйн тулд өрийн менежмент сайн хийх ёстой гэдэг. Тэгэхээр өрийн төлөх хугацааг сунгах, хүүг бууруулах боломж хэр байгаа юм бэ?
-Өрийн стратегийн бодлого баталсан. Үүний гол агуулга нь өрийн тодорхой хэсгийг төсвөөс төлөөд явна гэж тусгасан. Жилд 130-150 сая ам.доллар төсвөөс төлнө. Үлдэж буй өрөө бонд гаргах замаар хугацааг нь сунгаж менежмент хийх юм. Бүх өрөө бондоор солиод явбал хэмжээ нь өөрчлөгдөхгүй. Иймд тодорхой хэсгийг нь төсвөөс төлөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Монгол Улсын Засгийн газар 2017 оноос хойш хоёр удаа бонд гаргасан. Энэ нь зөвхөн өмнөх бондыг санхүүжүүлэх зорилготой. Хугацаа урт, хүү бага юм. Өрийн стратегид цаашид энэ бодлого үргэлжилнэ.
-Нэг хүнд ногдох өрийн хэмжээ манай улсад асар болчихлоо. Шри Ланка улс 20 гаруй сая хүн амтай ч 50 тэрбум ам.долларын өр төлж чадаагүй. Гэтэл манай улс гурван сая хүн амтай 33 тэрбум ам.долларын өртэй болчихсон. Одоо өр дахиад нэмэгдвэл яах вэ?
-Шри Ланка улсын нэг хүнд ногдох ДНБ нь 900 орчим сая ам.доллар. Монголынх 4.4 мянган ам.доллар. Дахин хэлэхэд Шри Ланка улсын зээлжих зэрэглэл 2020 оноос хойш тасралтгүй уруудсан. Хэтэрхий популист бодлого хэрэгжүүлсэн байдаг. НӨАТ-ын босгыг хэд дахин нэмсэн, ханш барих гэж хэт их оролдсон. Нөхцөл байдал өөр байхад ханшаа барих гэж валютын нөөцөө дуусгасан. Өөрөөр хэлбэл бодит амьдралд нийцэхгүй бодлого хэрэгжүүлээд хүнд байдалд орчихсон юм. Бид тус улс шиг ийм алдаатай буруу бодлого хэрэгжүүлэхгүйн төлөө байр сууриа илэрхийлээд, ажиллаад явж байгаа.
-УИХ-ын зарим гишүүн НӨАТ ногдуулах хувь хэмжээг бууруулах замаар татвар төлөлтийг нэмэгдүүлэх боломжтой гэж байгаа. Тэгэхээр та үүнтэй санал нийлэхгүй гэсэн үг үү?
-Ийм популист бодлого улс орныг сүйрүүлнэ. Энэ талаар би удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Татварын сууриа оролдож болохгүй. Хэрэглэгчдийн нуруун дээр хоёр төрлийн татвар очдог. Нэг нь гүйлгээний буюу худалдааны татвар. Нийт үнийн дүнгийн 7-10 хувийг буцаан олголтгүйгээр шууд авдаг. Нөгөө нь НӨАТ. Өртөг нэмэгдсэн шат болгон дээрээс авдаг татвар. НҮБ-ын гишүүн 165 оронд НӨАТ хэргэлдэг. НӨАТ-ын буцаалт олгодог орон дэлхийд гурав, дөрөвхөн бий. Түүний нэг нь Монгол Улс. Экспортод гарч буй бараа бүтээгдэхүүн угаасаа НӨАТ-гүй. НӨАТ-ыг хүлээн авч буй улс орон тавьж тогтоож явдаг дүрэмтэй. Жишээ нь манайхан гадаадад аялж явахдаа НӨАТ-аа буцааж авдаг шүү дээ. Тэгвэл тэр улсын бараа бүтээгдэхүүн экспортод гарч байна гэж үзээд НӨАТ-аа буцааж өгдөг.
-Ирэх оны төсвийн тодотголд хэдий хэмжээний орлого, зарлагатай байна гэж үзэж байгаа вэ?
-Төсвийн орлого 15 их наяд төгрөг гэж тооцсон. Алдагдал нь 2.4 их наяд төгрөг байна.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна