Бусад
Эд хөрөнгөө алдаж, хохирохоосоо өмнө аюулгүй байдлаа хангаарай

Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь өмчийн эсрэг бусад гэмт хэргийн гаралттай өсөлт, бууралт харьцуулбал ямагт өсч, нийгмийн хор аюул буюу иргэн байгууллага, аж ахуйн нэгжид учруулсан хохирол нь байнга өсөн нэмэгдэж байгаа нь сүүлийн 10 жилийн криминологи, социологийн судалгааны дүнгээс харагдаж байна.
Хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг үр нөлөөтэй явуулахад иргэдийн дэмжлэг туслалцаа зайлшгүй чухал. Өөрөөр хэлбэл нэг талаас цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлэх, нөгөө талаас иргэд өөрсдийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд анхаарах, хулгайн гэмт хэргийн талаар тухай бүр холбогдох байгууллагад мэдээлсэнээр та бидний аюулгүй орчинд амьдрах эрх хангагдах нөхцөл бүрдэнэ.
Байгууллага, аж ахуйн нэгж, иргэд өөрийн эзэмшилд байгаа эд хөрөнгийг бат бэх, найдвартай орон байр, агуулах саванд хадгалж үргэлжийн харуул хамгаалалтанд байлгах, сонор сэрэмжээ өндөр байлгах орон байр, агуулах савныхаа хаалга цонхыг найдвартай цоож бусад хамгаалалтаар бэхлэх, ялангуяа иргэд ажлаар болон амралтаар хол удаан хугацаагаар гэр орноо эзгүй орхих нөхцөлд найдвартай хүмүүст захиж үлдээх, өөрсдийн санаачлагаар байр сууцныхаа орц, давхарт байнгын сахиул жижүүр ажиллуулах, камерын хяналтын систем нэвтрүүлэх, мартагдсан боловч өнөө үед үгүйлэгдэх болсон хөршийн холбооны уламжлалыг сэргээх, бэлтгэгдэж байгаа гэмт хэрэг, хулгайлах гэмт хэрэг үйлдэгддэг, үйлдэж болох хүмүүсийн тухай, тухай бүрд цагдаагийн байгууллагад мэдэгдэж улмаар тэдний гэмт үйл ажиллагааг таслан зогсоох боломж олгох, хулгайлах гэмт хэргийн халдлагад өртсөн тохиолдолд иргэд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, гэмт этгээдийн ул мөрийг баллахгүй байх, гэмт хэрэг гарсан газрыг хамгаалах шаардлагатай.
Иргэн та эд хөрөнгөө алдаж, хохирсныхоо дараа Цагдаагийн байгууллагад хандахаасаа илүү аюулгүй байдлаа урьтаж хангах нь чухал бөгөөд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалахад ашиглаж болох дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж болох нэг арга зам юм.
Иргэн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар нутгийн захиргааны байгууллага, цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжих, хулгайн гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх үүрэгтэй.
Иргэд та бүхнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.