Эдийн засаг
Үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журмыг шинэчлэн батлав
Санхүүгийн зохицуулах хорооны 12 дугаар ээлжит хуралдаанаар “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-ыг шинэчлэн баталлаа.
УИХ-аас Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийг 2010 онд баталснаар дотоодын хөрөнгийн зах зээлд санхүүгийн зуучлагч байгууллагууд зээл болон бусад мөнгөн урсгал бий болгох боломжтой санхүүгийн хэрэгсэлд суурилсан буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр дахин үнэт цаасжуулах замаар шаардлагатай төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эрх зүйн суурь орчин бүрдсэн.
Санхүүгийн зохицуулах хорооноос энэ хуулийн хэрэгжилтийг хангуулахаар буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой нарийвчилсан харилцааг зохицуулсан “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-ыг 2011 онд батлан мөрдүүлж байсан. Харин одоо хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зохицуулалтад гарч буй өөрчлөлт зэргээс үүдэж хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгох, арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгүүлэх, анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхтэй холбоотой зохицуулалтыг бий болгох шаардлага тулгарсан. Цаашилбал үнэт цаас гаргагчийн засаглал, мэдээлэл тайлагналын ил тод байдлыг бэхжүүлэх, үнэт цаас гаргагчид тавигдах нөхцөл, шаардлагыг шинэчилж, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох зорилгоор дээрх журмыг олон улсын жишигт нийцүүлж, зах зээлийн оролцогчдын саналыг тусган шинэчлэн боловсруулсныг ээлжит хуралдаанаар ийнхүү баталлаа.
Эдийн засаг
2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ
2024 оны I улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.
Татвар төлөгч 1222842 иргэнд 80.2 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно.
2024 оны I улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо 24153 татвар төлөгч иргэн 378 сая төгрөгийн хөрөнгийн татвараа төлсөн гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Эдийн засаг
Биржийн арилжаа нэмэгдэж экспорт өсөв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр арилжаалагдсан нүүрсний экспортын сарын гүйцэтгэл 2024 оны 04 дүгээр сард 1,019,299 тоннд хүрснээр анхны арилжаа эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Нүүрсний борлуулалт, ил тод нээлттэй болсноор биржийн тээвэр, экспорт нэмэгдэж нэг сарын дотор биржээр арилжсан нэг сая тонн нүүрсийг экспортод гаргаж компанийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсны дагуу “Эрдэнэс Тавантолгой”” ХК, Монголын хөрөнгийн биржтэй хамтран 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нийт 83 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж нийтдээ 17,6 сая тонн нүүрс борлуулаад байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт хэвийн явагдаж байгаа бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын байдлаар 10 сая тонн нүүрс экспортлоод байна гэж Эрдэнэс Тавантолгой ХК-иас мэдээллээ.
Эдийн засаг
Зэсийн баяжмалын арилжааг нээх цан цохих ёслол зохион байгууллаа
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжсөнөөс хойш 2024 оны 04 дүгээр сарын 29-нд зэсийн баяжмалын анхны арилжааг эхлүүллээ.
Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон албаны бусад хүмүүс оролцлоо.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:
“Монгол Улсын Засгийн газрын 223 тоот тогтоолын дагуу Монголын хөрөнгийн биржээр нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжихаар болсон бол 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу бид арилжаа зохион байгуулах бэлтгэлийг бүрэн хангаад байна.
Энэхүү шийдвэр нь Монголын хөрөнгийн биржийн хөгжлийн 30 гаруй жилийн түүхэнд бас нэгэн том цонх нээсэн онцгой үйл явдал байлаа. Өнөөдрийн арилжаагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн буюу 2718 хуурай метр тонн зэсийн баяжмалыг арилжаална. Хуурай метр тонн тутмыг 2141.83 ам.доллароос эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг зохион байгуулах юм. Монголын хөрөнгийн бирж, уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжин хөгжиж буй энэхүү түүхэн үйл явцад МУ-ын стратегийн өндөр ач холбогдол бүхий, Монголын ард түмний өөрсдөө гар, бие оролцон бүтээн байгуулсан хамгийн том үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК зэсийн баяжмалын анхны худалдагчаар бүртгүүлж, гэрээ байгуулсанд бид баяртай байна. Хүрэлцэн ирсэн эрхэм зочдодоо дахин талархал илэрхийлээд Монголын хөрөнгийн биржээр арилжаалах зэсийн баяжмалын анхны арилжааг нээх, цан цохин ёслол нээснийг мэдэгдье” гэв.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан: “Санхүүгийн зохицуулах хорооноос МХБ-ийн “Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг 2024 оны 134 дүгээр тогтоолоор үйл ажиллагаандаа мөрдүүлэн ажиллахыг зөвшөөрсөн бөгөөд ингэснээр зэсийн баяжмалыг биржээр арилжаалах нөхцөл бүрдсэн.
Цаашид Санхүүгийн зохицуулах хорооноос уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг өсгөх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, биржийн арилжаанд үр дүнтэй хяналт тавих, зуучлагч брокеруудын чадавхыг бэхжүүлэх чиглэлд анхаарал хандуулж, бусад улсын зохицуулагч, арилжаа эрхлэх байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорин ажиллана” гэдгийг онцолсон юм.
УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянга: “Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр урт хугацааны турш ажилласан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2023 онд биржийн арилжаагаар 2.0 тэрбум ам.долларын борлуулалтын орлого Монгол Улсын эдийн засагт орсон. Энэ нь улс орны эдийн засагт шууд утгаараа эерэг нөлөөг үзүүлснийг онцлон хэлье.
Биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний нэр, төрөл, ангилалд зэс, молибденийн баяжмалыг оруулж, төрийн болон орон нутгийн өмчит ААН, ТӨҮГ-ийг экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүнээ заавал биржээр арилжаалахаар тусгасан тэрхүү шийдвэрийг хэрэгжүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, МХБ-тэй хамтран зохих бэлтгэлийг хангасны дагуу өнөөдөр зэсийн баяжмалын арилжааг ийнхүү эхлүүлж байна” гэв.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Ерөнхий захирал Г.Ёндон: “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш зэсийн баяжмалаар бүтээгдэхүүний төрөл ангилал нэмэгдсэн нь 2020-2024 онд Монгол Улсын Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн олон том ажлуудын нэг болж буйг хэлэхийг хүсч байна” гээд арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээсэн юм.
Ийнхүү Монгол Улсын түүхэнд зэсийн баяжмалыг биржээр арилжаалсан эхний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 3,000 тонн баяжмал амжилттай арилжигдаж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
-
Эдийн засаг7 цаг өмнө
2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ
-
Улс төр11 цаг өмнө
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа
-
Нийгэм7 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно
-
Нийгэм6 цаг өмнө
Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 23 цагт нээнэ
-
Нийгэм8 цаг өмнө
Улсын чанартай авто зам дагуу 50 цэгт хөдөлгөөний эрчмийн тооллого хийлээ
-
Нийгэм11 цаг өмнө
Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа
-
Нийгэм11 цаг өмнө
УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ
-
Нийгэм11 цаг өмнө
Эрүүл мэнд, аялал жуулчлал, биотехнологийн салбарт хамтран ажиллахаар санал солилцов