Энтертайнмент
Galaxy Z Fold болон Galaxy Z Flip загваруудын 4 дэх үеийг танилцуулах дэлхийн нээлт наймдугаар сарын 10-нд болно

10 жилийн өмнөөс бид ухаалаг утасны уламжлалт хэв маягийг эвдэн бидний амьдралыг илүү хөнгөвчлөх хүчирхэг, том дэлгэцтэй тэгсэн атлаа ашиглахад хялбар, уян хатан хэрэглээтэй утас бүтээх зорилгоор ажиллаж, ухаалаг утсанд урьд өмнө ч хэзээ ч байгаагүй боломжийг бий болгосон билээ. Ийнхүү анх 2019 онд хамгийн анхны нугардаг шилэн дэлгэцтэй гар утсаа дэлхий дахинд танилцуулснаар ухаалаг утасны хэвшмэл ойлголтыг цоо шинээр тодорхойлж, салбарын хөгжлийг дахин нэг алхам урагшлуулсан юм.
Самсунг Электроникс-н гар утасны бизнес хариуцсан ерөнхийлөгч доктор Тэ Мүн Ро “Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд бараг 10 орчим сая нугардаг ухаалаг утас дэлхий дахинаа борлуулагдсан бөгөөд 2020 онтой харьцуулахад энэ утасны зах зээл 300%-иар нэмэгдсэн ба энэ өсөлт цаашид ч үргэлжлэх хандлагатай байна” хэмээн нугардаг дэлгэцтэй утасны зах зээлийг онцолсон билээ. Энэ ч утгаараа бид энэ чиглэлийн утасны хөгжүүлэлтээ тэргүүн эгнээнд тавьж орчин үеийн амьдралын хэв маягт бүрэн тохирсон таны амьдралд цоо шинэ боломжуудыг нээж өгөх Galaxy Z Fold болон Galaxy Z Flip шинэ загваруудаа Монголын хэрэглэгч нартаа танилцуулах гэж байна.
Инновац нь зөвхөн шинэлэг санааны цуглуулгаар хязгаарлагдахгүй. Бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх, технологийн цоо шинэ ололтуудыг амьдралд нэвтрүүлэх тухай ойлголт юм. Зөвхөн технологийн дэвшлээс давж бидний амьдралыг хөнгөвчлөх илүү баялаг олон талт боломжуудыг нээж өгөх нь инновацын гол утга учир билээ.
Зогсолтгүй үргэлжлэх инновац шинэчлэлүүдээ бид дангаараа бус нугардаг дэлгэцтэй утасны зах зээлийн экосистемийг өргөжүүлэхийн тулд дэлхийд тэргүүлэгч Google, Microsoft болон бусад олон түншүүдтэйгээ нээлттэй хамтын ажиллагааг улам бүр тэлж хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг ханган, олон талт ажлуудыг хийсээр байгаа юм. Гурван жилийн өмнө бидний анх танилцуулсан Samsung Galaxy Fold утас нь олон хүнийг алмайруулж, бодит байдалтай харшилдах мэт байсан ч удалгүй эдгээр уян хатан, хүчирхэг төхөөрөмжүүд нь орчин үеийн амьдралын хэв маягт бүрэн нийцэж, том мөртлөө авсаархан, хүчирхэг атлаа чамин хэрэглээтэй утас болохыг бүгд хүлээн зөвшөөрч хэдийн сая сая хэрэглэгчтэй болжээ.
Тасралтгүйгээр хөгжүүлж ирсэн инновацын үр дүнд “боломжгүйг боломжтой болгож” бүтээгдсэн Galaxy Z Fold болон Galaxy Z Flip загваруудын 4 дэх үеийг танилцуулах дэлхийн нээлтийг 2022 оны 8-р сарын 10-ны 20:45 цагаас Galaxy Unpacked арга хэмжээнээс хүлээн авч үзнэ үү. Арга хэмжээг Монгол ТВ болон Samsung facebook хуудсаар Монгол орчуулгатайгаар шууд дамжуулан хүргэнэ.
Арга хэмжээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.samsung.com болон Samsung хуудаснаас авна уу.

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
Энтертайнмент
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.
Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.
“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.