Бусад
Газраа чөлөөлсөн 47 айл шинэ байрандаа орлоо

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, БХИС орчмын А хэсэгчилсэн талбайд “Баганат өргөө” компаний барьсан 70 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, газраа чөлөөлсөн иргэд өнөөдөр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Б.Азжаргал, газраа чөлөөлөөд шинэ орон сууцны түлхүүр гардан авч буй айл, өрх, иргэд болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд энэ нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг эзэлж байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: Өнөөдөр Баянзүрх дүүргийн 8-р хороо, “Баганат өргөө” компаний хэсэгчилсэн дахин төлөвлөлтийн талбар дээр баригдсан 70 айлын орон сууц ашиглалтад орж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд урагштай явж эхэлсэн. Үүний шалтгаан нь Монгол улсын Засгийн газраас ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн, үүний зэрэгцээ төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хоёрдогч болон гуравдагч эх үүсвэрээс шийдвэрлэх зорилт тавьж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалтыг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлсэн. Ингэснээр барилгын компаниуд эх үүсвэртэй болж эхэлж байна. 2018 онд 4000 гаруй айлын янданг буулгасан бол энэ онд 8000 гаруй айлыг орон сууцтай болгох зорилт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн ажил сайн явагдсанаар нийт 89980 айл орон сууцтай болох юм. Сар шинийн баярын босгон дээр шинэхэн өргөөндөө орж буй та бүхэнд аз жаргал хүсэн ерөөе.
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Б.Азжаргал: Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч болон хувийн хэвшил, нийслэл гурван талаас зөвшилцөн, гэрээ байгуулж, нэг зорилгын дор нэгдэж чадсанаар хэрэгжих нөхцөл бүрддэг томоохон төсөл. Энэхүү төсөлд нийгмийн хариуцлагын үүднээс төсөл хэрэгжүүлэх эрх авсан компаний нэг болох “Баганат өргөө” ХХК өнөөдөр 70 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгч байна. Тус компаний хувьд нийт 180 нэгж талбарын газрыг чөлөөлөн 2015 онд 288 айлын орон сууц, 2018 онд 4 блок 358 айлын орон сууцны барилга угсралтыг гүйцэтгэсэн. Энэ онд шинээр 5 блок 654 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм.
“Баганат өргөө” ХХК захирал О.Батсайхан: Манай компаний хувьд 2013 оноос гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээг газар доорх барилга байгууламжаар бүрэн шийдвэрлэсэн. Энэ бол Улаанбаатар хотод байгаа хамгийн том тунелын систем гэж хэлж болно. Бид уг төслийн хүрээнд өнөөдрийг хүртэлх хугацаанд 358 айлын оройн сууцыг ашиглалтад оруулсан. 2019 онд 500 айлын орон сууцыг ашиглалтад өгөх зорилт тавин ажиллаж байна. НЗДТГ-аас Монгол улсын Хөгжлийн банк дэмжлэг үзүүлэх тал дээр хамтран ажиллаж байгаа гэсэн сайхан мэдээ байна. Бидний зүгээс энэ төсөлд хамрагдвал байрныхаа борлуулах үнийг бууруулах боломжтойг хэлмээр байна.
Нийслэл хотын зүгээс бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж буй төсөл хэрэгжүүлэгчдийг дэмжиж ажиллах талаар анхааран инженерийн шугам сүлжээний ажилд зарцуулах 20,0 тэрбум төгрөгийг энэ оны нийслэлийн төсвөөс баталсан аж.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.