Энтертайнмент
Эгч дүүсийн Эх хэлний өдрийн үзэсгэлэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өчигдөр “Эх хэлний” өдөр тохиолоо. Мөн Монгол хэлний тухай хуульд заасны дагуу 2025 оноос төрийн албан хаагчид хос бичгээр албан хэргээ хөтлөн явуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Соёлын яам 2021 онд эхлүүлсэн “Хос бичигтэн яам” арга хэмжээг өргөжүүлэн зохион байгуулав.
Өнгөрсөн онд “Хос бичигтэн яам” арга хэмжээг зохион байгуулж, яамны албан хаагчдынхаа үндэсний бичгийн мэдлэгийн түвшнийг 36.8 хувиар нэмэгдүүлж, 82.3 хувьд хүргэсэн тул 2022 онд соёлын салбар тэр дундаа харьяа байгууллагын албан хаагчид болон бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд анхааран ажиллаж байгаа юм.
Энэ жилийн “Эх хэлний өдөр-2022” арга хэмжээ нь хүүхэд залуусаа соёлын олон төрлийн илэрхийлэлд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ үндэсний өв уламжлал, соёл түүхээрээ бахархдаг иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байна. Мөн үндэсний соёлын дархлаат ирээдүйн иргэдээ бэлдэхийн тулд залуу үеийнхэндээ зөв үлгэр дуурайлал болж байгаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 12Б ангийн сурагч Ү.Энхжин, 3А ангийн сурагч Ү.Эмүжин нарын бүтээлийн үзэсгэлэнг Соёлын яам дэмжин гаргалаа.
“Хос бичигтэн” үзэсгэлэнгээ гаргах гэж буй тус сурагчид нь: Нийт гурван удаагийн бие даасан үзэсгэлэнгээ Хөвсгөл аймагтаа гаргасан бөгөөд 110 гаруй бүтээлийн сантай. Монгол бичгийг гүнзгийрүүлэн суралцагчдад зориулсан гарын авлага зохион хэвлүүлсэн. Хувь хүн, албан байгууллагатай хамтран үндэсний бичгээр бэлэг дурсгал, хаяг шошго бичиж үйлчилдэг. Үндсэндээ 2017 оноос хойш үндэсний бичгийн долоон сургалтыг мэргэжлийн багш, төрийн албан хаагч, сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зохион байгуулсан. Улсын хэмжээнд зохион байгуулагддаг уралдаанд тэмцээнд тогтмол оролцож, амжилт үзүүлдэг. Ү.Эмүжин нь “Монголын сайхан бичигтэн” уралдааны хамгийн залуу оролцогчоор шалгарч байсан.
Үзэсгэлэн Соёлын яамны нэг давхрын үзэсгэлэнгийн танхимд 2022 оны есдүгээр сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Мөн “Хос бичигтэн байгууллага” арга хэмжээний хүрээнд Соёлын яамны харьяа байгууллагууд үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах үйл ажиллагааг “Эх хэлний өдөр”-өөр байгууллага бүр дээрээ зохион байгуулж байна.
Тусгай хэрэгцээт хүүхэд залууст соёлын боловсрол олгох хүрээнд 29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагчдад зориулсан уран бичлэгийн зургаан сарын сургалтыг 2022-2023 оны хичээлийн жилийг нь тохиолдуулан нээж байна. Уран бичлэгийн сургалтад хамрагдсан сурагчдынхаа бүтээлийн үзэсгэлэнг 2023 оны тавдугаар сард болох “Үндэсний бичиг үсгийн баяр-2023” арга хэмжээний үеэр гарган, сурах хүсэл эрмэлзэлтэй, авьяастай хүүхдүүдээ алдаршуулна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.