Нийгэм
Төв банкнаас бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь зээлийн хүү аажмаар нэмэгдэх хүлээлтийг бий болгожээ

“Банкны салбарын 2022 оны эхний хагас жилийн тойм” судалгааг Монголын Банкны Холбооноос өчигдөр танилцууллаа.
Банкны системийн нийт актив өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Системийн нөлөө бүхий банкнуудын актив өмнөх оны мөн үеэс гурван хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Голомт банкны актив 10 хувиар, ХХБ-ны актив есөн хувиар өссөн бол Хаан банкны актив 0.2 хувиар буурчээ.
Мөн банкны салбарын нийт эх үүсвэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг их наяд төгрөгөөр буурчээ. Өөрөөр хэлбэл банкнуудын эх үүсвэр дөрвөн хувиар буурсан байна. Банкны эх үүсвэр нь иргэд, байгууллага болон хөрөнгө оруулагчдаас татсан өр төлбөрийн хэмжээг илэрхийлдэг юм. Хаан банкны эх үүсвэр 0.9 их наяд төгрөгөөр, Төрийн банкных 0.2 их наяд төгрөгөөр буурчээ. Харин Худалдаа Хөгжлийн банк, Голомт банкны эх үүсвэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн гэдгийг Монголын банкны холбоо онцоллоо.
Энэ үеэр Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар “Зээлийн хүү тогтвортой байгаа ба жигнэсэн дундаж хүү 14.6 хувьтай байна. Хадгаламжийн хүү аажмаар нэмэгдэх төлөвтэй байна. Төв банкнаас гадаад, дотоод эдийн засгийн нөхцөлд үүсэж буй тодорхой бус байдлаас шалтгаалан бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь зээлийн хүү аажмаар нэмэгдэх хүлээлтийг бий болгож байна” гэлээ.
Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ “Дэлхийн ихэнх улсуудад зээлийн шимтгэл нэг хувь байдаг. Түүнээс дээш ч бий. Зээлийн шимтгэлийг зээл олгосны дараа харилцагчаас авдаг.
Банк санхүүгийн академиас зээлийн шимтгэлийн харьцуулсан судалгаа хийсэн. Манай улсад арилжааны банкнуудын хэрэглээний зээлийн дундаж шимтгэл 0.75 хувьтай байна. Гэхдээ банкнуудын зээлийн шимтгэл зээлийн төрлөөс хамааран харилцан адилгүй байдаг. Манай улсад мөрдөгдөж буй банктай холбоотой 12-13 хуульд банкны шимтгэл хураамж авах тухай хуулийн заалтад тусгасан байдаг юм байна. Харилцагчийн кредит скорингоос хамааран зээлийн шимтгэлийг харилцан адилгүй тогтоодог. Зээлийн шимтгэл авдаггүй Тажикстан, Узбекистан улсуудын хувьд зээлийн хүүгийн түвшин өндөр байна. Зээлийн шимтгэлийг тогтоосон хууль, эрх зүй орчин байхгүй байна” гэв.
Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэг макро эдийн засгийн үзүүлэлтийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Эхний хагас жилд эдийн засаг 1.9 хувиар өссөн. Ийнхүү өсөхөд уул уурхайн бус салбар ялангуяа үйлчилгээний салбарын хувь нэмэр их байсан.
Уул уурхайн салбарын экспорт олборлолт бага байснаас болоод эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн. Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний цэвэр татвар эдийн засгийн өсөлтийг эерэг гаргахад чухал нөлөө үзүүлсэн юм.
Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үеэс 64 хувиар өссөн байгаа. Хил гаалийн хязгаарлалт экспортод сөргөөр нөлөөлж буй хэдий ч цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Импорт тогтвортой өсөлттэй байгаа. Экспортын нөхцөл байдал сайжирч, гадаад худалдааны тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Харин төгрөгийн ханшийн тухайд “Төгрөгийн ханш суларсан боловч инфляцыг гүйцэж сулраагүй. Төлбөрийн тэнцлийн хувьд эхний хагас жилийн байдлаар 104 сая төгрөгийн алдагдалтай байна.
Инфляцын хувьд эхний хагас жилийн байдлаар 16.2 хувьтай гарсан. Импортын бараа бүтээгдэхүүний үнэ, тээвэр логистикийн хүндрэлүүд үнийн өсөлтөд ихээхэн нөлөөлж байна. Үнийн өсөлт иргэдийн бодит худалдан авалтад дарамт учруулахаар өндөр түвшинд байгаа юм” гэдгийг онцоллоо.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.