Эдийн засаг
ХҮҮХДИЙН МӨНГӨ ХИЙГЭЭД АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ

“Эх орондоо сайхан амьдрах арга алга” гээд харийг зорин ажил хийхээр залуусын цуваа үргэлжилсээр. Бас явах хүсэлтэй ч виз олдохгүйн улмаас санааширч, мөрөөдөж суугаа нь бүр ч олон байж мэднэ. Үнэн хэрэгтээ ажлын байр олдохгүй арга нь барагдсандаа эх нутгаа орхиж байна уу гэвэл үгүй. Мэдээллийн бүхий л хэрэгслээр “Тогооч, үйлчлэгч, үсчин, худалдагч, барилгын туслах ажилтан, оёдолчин, барилгын инженер, эмч, багш, сэтгүүлч, орчуулагч, ажилд авна” гэсэн зар урссаар. Шулуухан хэлэхэд, Монгол Улс ажиллах хүчний хомсдолд хэдийнэ оржээ. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон чадвар, чадамж өндөртэй боловсон хүчний тухайд ажлын байрны хомсдлыг ашиглах шиг л болж буй. Компаниас компани дамжин, хамгийн өндөр цалин, хангамж амласан аж ахуйн нэгжид “биеэ үнэлэх” болсон. Чадаж байгаа юм чинь яая гэх вэ.
Харин асуудлыг нөгөө өнцгөөс харвал тэс ондоо дүр зураг харагдах аж. Мэдээж эхнийх нь амар хялбар аргаар амьдрахыг илүүд үзэгсэд. Тэд эцэг, эхийн буянаар талхгүй хонохыг зовлон үзээгүй учраас шууд л маш гоё оффист залран , өмссөн гутал хувцас, барьсан утас цүнхээрээ өрсөлдөн, үдэш бүр бааранд суун төрсөн өдөр тэмдэглэхийг чухалчилдаг нөхдүүд энэ бүлэгт хамаатай. Удаах нь хэн нэг нь болгоод байгаа учраас түүнд нь найдан биеийн амрыг харагчид. Олонхи нь ажилд ороод авсан цалин нь автобус, өдрийн хоолондоо таардаг юм билээ гээд л гэдсээ илэн гүрийгсэд . Гурав дахь нь залхуугийн залхуу. Монгол Улсад өлсгөлөнгөөр үхнэ гэж байхгүй хэмээн хэвтэгсэд. Төр байгаа цагт тэжээж л таарна. Хүүхдийн мөнгө хийгээд ажилгүйдлийн тэтгэвэр, тэтгэмж. Ажил орлогогүй иргэдэд зориулсан төрийн бүх үйлчилгээ үнэгүй. Маш олон бага орлоготой өрх “Хүүхдийн мөнгө” –өөр амь зуудаг. Хүүхэд төрүүлээд л байвал улс тэжээдэг юм байх гэх ойлголт олон арван залхуучуудын тархинд витамин адил үйлчлэх болсоор 30 шахам жилийн нүүр үзэж байна. Төрөөс ирэх оны төсвийн төсөлд Хүүхдийн мөнгөний хэмжээг өөрчлөхгүйгээр буюу 100 мянган төгрөг байлгахаар тооцжээ. Гэвч зардал нь өндөр тусч байгаа тул хүүхдийн мөнгийг өрхийн орлогоор нь ангилж олгох хувилбарыг Сангийн яам дэвшүүлэв. Тодруулбал, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт л олгоно, өндөр орлоготой иргэдэд олгохгүй. Ингэснээр нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох оор төлөвлөв бололтой. Сангийн сайд Б.Жавхлан ч “100 мянган төгрөгийн хэмжээг өөрчлөхгүй. Харин өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд олгохгүй буюу хүүхдийн мөнгийг тодорхой бүлэгт өгөх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Бодит байдал дээр хүүхдийн мөнгө авах хүсэлтэй иргэний тоо нь авах хүсэлгүйгээсээ хэд дахин илүү байгаа гэдэгт эргэлзэх зүйл алга. Ингэхэд төр маань “Зорилтод бүлэг” гэдгээ хэрхэн тодорхойлж байгаа юм бол. Хэдхэн жилийн өмнө угаалгын машин, зурагт, компьютертэй бол амьжиргаа нь боломжийн гэх ангилалд багтдаг байлаа. Тиймээс энэ удаад асуудлыг арай өөр байдлаар харж дүгнэх хэрэгтэй болов уу. Тэгээд ч бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, мөнгөгүйчүүдийн арми жил ирэх тусам өссөөр. Энэ бүхнийг олж харан тэнцвэртэй бодлого барих нь энэ цаг үед хамгийн мэргэн шийдвэр байх нь гарцаагүй.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.