Эдийн засаг
Ирэх оноос зөвхөн самнасан ноолуур экспортолно

-Самнасан ноолуур экспортолсноор шинээр 4400 ажлын байр бий болно-
Манай улс түүхий эдийн бааз биш харин дотооддоо бүтээж чадах бүхнээ үйлдвэрлэхэд гол хөшүүрэг болохуйц чухал шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан.
Ирэх оноос угаасан бус харин самнасан ноолуур экспортолж эхэлснээр одоо байгаа 2200 ажлын байрыг хадгалж, 4400 ажлын байр шинээр нэмэгдэх улмаар тус салбарын борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
- Манай улсын экспортолж байгаа ноолуурын 80 хувийг зөвхөн угаасан ноолуур эзэлдэг;
- Ноолуурыг угаах явцад ашигласан маш их хэмжээний бохир усыг байгаль орчинд гаргадаг;
- Дэлхийн худалдааны байгууллагад манай улс элсэхдээ ноолуурын экспортын татварыг тэглэх үүрэг хүлээсэн нь дотооддоо нэмүү өртөг шингээх, өндөр ашиг шим хүртэх стратегийн бүтээгдэхүүнээсээ олох боломжит орлогоо алдсаар байна.
Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас үйлдвэрүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглах, дотооддоо нэмүү өртөг шингээх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын төслийг холбогдох дүрэм, журамд нийцүүлэн боловсруулж, батлууллаа.
Тус техникийн зохицуулалтад “Экспорт, импортын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх ямааны ноолуур нь хялгас болон завсрын үсний агууламж 0.3 хувиас ихгүй байна” гэж тусгасан нь зөвхөн самнасан ноолуурыг хилээр нэвтрүүлэх гол зохицуулалт болж байна. Тухайлбал, 3880 тонн самнасан ноолуур экспортолж, 2.5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн (600-700 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн) борлуулж, нийтдээ 1.8 их наяд төгрөгийн борлуулалт хийх нөхцөлийг бий болгож байна.
Цаашид ноолуурын үйлдвэрлэлийн шат дамжлагыг ахиулж, ээрсэн утас буюу бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө ажиллах шаардлагатайг салбарынхан онцоллоо.
Эх сурвалж: ХХААХҮЯ

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.