Эдийн засаг
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо

Санхүүгийн зохицуулах хороо, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас хамтран зохион байгуулж буй “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг “Олон улсын санхүүгийн зах зээлд өрсөлдөхүйц, эдийн засгийг тэтгэсэн, чанартай, хүртээмжтэй санхүүгийн систем, цаашилбал цахим технологид суурилсан, уян хатан санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх цогц бодлогын шийдлүүдийг авч хэрэгжүүлэхэд эрх зүйн орчныг бүрдүүлэх, шинэчлэхэд УИХ-аас онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал банкны салбарын хийгээд санхүүгийн салбарын эрх зүйн орчныг үндэсний үнэт зүйл, өөрийн орны онцлогтой уялдуулан өөрчлөн шинэчлэх реформыг эхлүүлсний нэг нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм.
УИХ-ын нэр бүхий 5 гишүүн дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд тавдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Улмаар Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэхүү хуулийн төслийн үзэл санаа нь санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан, иргэдэд ээлтэй, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг эрхлэх хууль эрх зүйн орчныг бий болгоход чиглэсэн” гэдгийг онцолсон юм.
Харин Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн салбар сүүлийн жилүүдэд хөгжлийн шинэ шатуудыг дамжин, богино хугацаанд технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн мэдээллийн технологи, хиймэл оюун ухаанд суурилан хөгжиж байна. Хөгжлийн энэ хурдцыг дагаад салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чөлөөт эдийн засгийг дэмжсэн олон тулгуурт санхүүгийн үйлчилгээг бий болгоход эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүн амын нийгмийн хөгжлийг хангахуйц, иргэн бүрд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх нөхцөл байдал үүсээд байна. Санхүүгийн зохицуулах хороо хууль эрх зүйн орчныг шинэчлэх санал санаачлагын хүрээнд олон улсын донор байгууллага болох Олон улсын валютын сан, Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг зэрэг байгууллагуудтай санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. Үүний нэг нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны техник туслалцааны хүрээнд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн явдал юм. Технологийн үсрэнгүй хөгжил дэвшил эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт шинэ боломж бололцоог нээж буй энэ цаг үед Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан нь салбарын эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болно” гэдгийг мөн онцоллоо.
Хэлэлцүүлгийн үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг хийсэн бол Европын сэргээн босголт хөгжлийн банкны олон улсын зөвлөх Артур Димас “ББСБ-ын үйл ажиллагаг системтэйгээр зохицуулах, хянах олон улсын шилдэг туршлага, санхүүгийн хүртээмжтэй байдалд ББСБ-ын ач холбогдол”, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч З.Алтанзул “Хувь хүн, ААН-үүдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд ББСБ-ын үүрэг, тулгарч буй бэрхшээл”-ийн талаар илтгэл тавьсны зэрэгцээ нийт оролцогчдын дунд хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өрнүүллээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.